Цагдаагийн дэслэгч Н.Сайнзаяа галын аюулаас 3 хүний амийг аварчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Дулаанхан сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Сайнзаяа нэг гэр бүлийн 3 хүний амийг аварчээ.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар багийн нутаг Дулаанхан тосгон нь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Сайнзаяагийн хариуцсан нутаг дэвсгэр ажээ. Гэтэл энэ сарын 04-нөөс 05-нд шилжих шөнийн 02.00 цагийн орчимд тус нутаг дэвсгэрт айл шатаж байна гэх дуудлага Дулаанхан сум дахь хэсгийн төлөөлөгчид ирсэн байна. Тэрээр энэхүү дуудлагын дагуу очиж шалгахад 4 айлын орон сууц шатаж байсан бөгөөд оршин суугчдын мэдээлснээр шатаж байгаа байшин дотор хүмүүс байгаа хэмээн хэлсэн аж. Тухайн газарт гарсан гал байшингийн гал тогооны хэсгээс гарч байсан учраас дэслэгч Н.Сайнзаяа нөгөө өрөөнийх нь цонхыг хагалан дотогш нэвтэрч ороход гэрийн эзэд нь угаартсан байдалтай ухаангүй байсан байна. Тэрээр эхлээд хамгийн ойрхон байсан гэрийн эзэгтэйг, дараа нь гэрийн эзнийг татаж гаргаад цаад өрөөнд нь унтаж байсан 2 ой 5 сартай охиныг мөн галаас гарган авч аварчээ.