“Хуримтлалтай Архангай” аяны хүрээнд хадгаламж 10.5 тэрбум төгрөгөөр өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ЗДТГ, аймагт үйл ажиллагаа явуулдаг Монголбанкны салбар болон бусад ажрилжааны банкууд хамтран “Хуримтлалтай Архангай” аяныг энэ оны нэгдүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын.30-ны өдрийг дуустал хугацаанд зохион байгууллаа.
Энэ аян орон нутагт хуримтлалтай иргэдийн тоог нэмэгдүүлэх, мөнгөө хуримтлуулснаар гарах ашиг тусыг ойлгуулах, арилжааны банкуудын хадгаламжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг таниулах, санхүүгийн зөв шийдвэр гаргах мэдлэг, мэдээллээр хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадвартай болгох зорилготой юм.
“Хуримтлалтай Архангай” аяныг
санаачлан хэрэгжүүлснээр аймгийн хэмжээнд аян эхлэхээс өмнөх үетэй
харьцуулахад нийт хадгаламж 10.5 тэрбум төгрөгөөр буюу 8.85 хувиар өссөн
үзүүлэлттэй байна. Мөн “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн хүрээнд Архангай аймгийн
4 арилжааны банкинд 2019 оны 10 дугаар сард 324 иргэн 1.7 тэрбум төгрөг, 204
хүүхэд 88.2 сая төгрөгийн хадгаламж шинээр нээлгэж, 5375 иргэн 5.2 тэрбум
төгрөгийн, 6072 хүүхэд 669.4 сая төгрөгийн орлогыг хадгаламждаа нэмсэн байна.
Аяны хаалтыг энэ сарын 23-ны өдөр
аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулж, ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид,
Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Мөнхбат, Архангай аймаг дахь
Монголбанкны салбарын захирал, ХААН, Хас, Голомт, Төрийн банкны салбаруудын захирал, ажилтнууд, хамтран ажилласан байгууллагуудын төлөөлөл,
иргэд, оюутан сурагчид оролцлоо.
Хуримлалтай байгууллага, иргэдийг
нэмэгдүүлэх, хуримтлалын ач холбогдлыг олон нийтэд ойлгуулан таниулах, аянд
идэвхтэй оролцсон иргэд, байгууллагыг урамшуулах зорилгоор Төрийн болон хувийн
хэвшлийн бүх шатны байгууллагуудын дунд аяны турш зарласан “Хуримтлалтай Архангай”
болзолт уралдаанд 1-р байрт шалгарсан Өлзийт сум, 2-р байрт шалгарсан Мэргэшсэн
нягтлан бодогчдын институтын Архангай салбар, 3-р байрт шалгарсан Багшийн
сургуулийн хамт олонд өргөмжлөл, мөнгөн шагналыг олголоо.
Мөн аяны хүрээнд зарласан
“Суралц-Хуримтлуул-Өсгө” эсээ бичлэгийн болон
гар зургийн уралдааны шагналт байруудад шагналыг гардуулав.