Эрдэнэдалай суманд хүүхэд харах үйлчилгээ эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгаас Эрдэнэдалай суманд анхлан хүүхэд харах үйлчилгээ эхлэсэн байна. Тус сумаас 6 иргэн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх сургалтад хамрагдсан бөгөөд иргэн Я. Аюурзана сургалтад хамрагдсан 4 иргэний хамтаар энэ үйлчилгээг эхлүүлжээ.
Энэ талаар иргэн Я. Аюурзанаас тодруулахад, “Хүүхэд харах үйлчилгээгээ эхлээд хориод хонож байна. Цэцэрлэгт хамрагдаагүй 35 хүүхэд бүртгэснээс одоогийн байдлаар 22 нь манай үйлчилгээнд хамрагдсан. Хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхэд бий бөгөөд хүүхдүүдээ хоёр ангид хуваасан. Хоёр багш, мэргэжлийн нэг тогоочтой ажиллаж байна. Сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар ажлын байраа дүгнүүлэн үйл ажиллагаагаа эхэлсэн” гэлээ.
Тэрээр Эрдэнэдалай сум дахь “Мон Хаар Бор” ахмадын сувилалд ажилладаг бөгөөд сувилалын газрын хоёр өрөөг хүүхэд харах үйлчилгээнд зориулан засч тохижуулсан байна. Үүнд 3 сая гаруй төгрөг зарцуулжээ.
Нэг хүүхдэд 96 мянга 800 гаруй төгрөгөөр тооцон санхүүгийн дэмжлэг олгох бөгөөд одоогоор санхүүжилт хараахан аваагүй байгаа гэлээ.
Т. Отгонтуяа