Чанарыг эрхэмлэгч үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудыг тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-12-23 17:31:14

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс "Дэлхийн чанарын өдөр"-ийг тохиолдуулан орон нутгийхаа чанарын шилдгүүдийг шалгаруулж, хүндэтгэлийн туг өргөх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай.

2019 оны чанарын шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр ““Гэгээн трейд” ХХК шалгарсан байна. 1997 онд анх цагаан архи үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн тус компани 2014 онд үйлдвэрийн барилгыг шинээр барьж, тоног төхөөрөмжийг шинэчлэн нэмсэн байна.

2018 онд “Чанарын менежментийн тогтолцоо” ISO 9001: 2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн ба дотоод хяналтын лаборатори нь MNS ISO/ IEC 17025 стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг чанарыг эрхэмлэгч аж ахуй нэгж хэмээн үнэллээ. Тус байгууллага 13 хүнийг ажлын байраар хангажээ.

2019 оны чанарын шилдэг үйлчилгээтэй байгууллагаар “Алтан холбоо” ХХК нь шалгарсан байна. 2000 оноос хоол үйлдвэрлэл, зоогийн газрын чиглэлээр тасралтгүй 19 жил үйл ажиллагаа явуулж байгаа тус компани 12 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Одоогоор 1100 м2 талбайтай, нэг ээлжиндээ 70-120 хүн хүлээн авах хүчин чадал бүхий зоогийн газраар нийт иргэнд үйлчилж байгаа юм.

相关新闻