"Tesco" Хятадын нэгэн үйлдвэр дэх үйл ажиллагаагаа зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЛОНДОН. /CNN/. Их Британийн “Tesco” жижиглэн худалдааны компанийн зул сарын баярын
мэндчилгээнүүд дундаас хоригдлуудыг албадан хөдөлмөр эрхлүүлж байгаа талаарх
зурвас гарсантай холбогдуулан тус компани Хятадын нэгэн үйлдвэр дэх
үйлдвэрлэлийн ажиллагаагаа түр хугацаагаар зогсоосон байна.
Лондон хотын
өмнөд хэсэгт амьдардаг 6 настай Флоренс Виддикомбегийн задалсан “Tesco”-гийн багц мэндчилгээний хайрцагнаас зурвас
гарч ирсэн талаар “Sunday Times” сонин мэдээлжээ. “Бид бол Хятадын Шанхай хотын Чинпу шоронгийн гадаад
хоригдлууд. Бидний хүслийг үл харгалзан албадан хөдөлмөр эрхлүүлж байна. Хүний
эрхийг хамгаалах байгууллагад мэдэгдэж, бидэнд тусална уу” хэмээн уг зурваст тэмдэглэжээ.
“Tesco” компанийн зүгээс мэдээлэхдээ, энэхүү мэдээний талаар сонсоод маш их “цочирдсон” хэмээгээд, бид нийлүүлэлтийн сүлжээндээ хоригдлуудыг ажиллуулахыг огт зөвшөөрдөггүй гэжээ. Мөн Хятадын “Zheijiang Yunguang” хэвлэлийн үйлдвэр хоригдлуудаар хөдөлмөр эрхлүүлсэн болох нь тогтоогдвол нийлүүлэгчдийн жагсаалтаасаа хасах болно гэж мэдэгдсэн байна.