Туркийн соёлын өдрүүд гурав дахь жилдээ болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-19 17:03:50

БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Каракөз энэ сарын 22-29-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Туркийн соёлын өдрүүдийн талаар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийв.

Уг арга хэмжээг тус Элчин сайдын яамнаас гурав дахь жилдээ зохион байгуулах бөгөөд долоон бүрэлдэхүүн хэсэгтэй байх гэнэ.

Соёлын өдрүүдийн хүрээнд тус улсын Шадар сайд болон Истанбул хотын захирагч Кадыр Топбаш манай улсад айлчилна. Истанбул хотын захирагч Кадыр Топбаш нь 15 жилийн хугацаанд тус хотыг удирдаж байгаа аж. Тэрбээр Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзаж, хоёр хотын хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Турк улсын дахин төлөвлөлтын талаар холбогдох байгууллагын хүмүүстэй уулзах юм.

Мөн нийслэлийн таван сургуулийн сурагчид оролцсон олон улсын Хүүхдийн баярын өдөрт зориулсан баярын тоглолт энэ сарын 22-нд Хүүхдийн урлан бүтээх төвд болно. Мөн гар зураг, зохион бичлэгийн уралдаанд түрүүлсэн хүүхдүүдэд шагнал гардуулахаас гадна “Өнөр бүл” асрамжийн газрынханд гарын бэлэг гардуулахаар болжээ.

Үүний зэрэгцээ Дарданелийн хоолойн тулалдааны 101 жилийн арга хэмжээ болон хүндэтгэлийн хүлээн авалт болно. Тэнгис кинотеатр болох кино долоо хоногоор онц сонирхолтой кинонуудыг үнэ төлбөргүйгээр толилуулахаар болсон байна.

Түүнчлэн МУЭ-ийн хороонд Турк улсыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 25-нд нээлтээ хийх бол дуурийн дуучин Серап Чифтчи СУИС болон Хөгжим бүжгийн сургуулийн оюутан сурагчдад мастер хичээл заах нь. Тэрбээр энэ сарын 29-нд ДБЭТ-т бүрэн хэмжээний тоглолтоо толилуулна.

Элчин сайд Мурат Карагөз МУИС-д энэ сарын 27-нд лекц уншина гэж энэ үеэр мэдээлэв.

Б.Туул

相关新闻