Нэр дэвшигчийн үнэмлэхийг зургадугаар сарын 7-нд  олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-04-19 15:53:49

Сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхантай уулзаж ярилцлаа.

-Сонгуульд оролцох нам, эвслийн хүсэлтийг хүлээн авах хуулийн хугацаа дөхөж байна. Энэ хүрээнд СЕХ ямар бэлтгэл хийж байна вэ?

-Нам, эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн хуульд зааснаар дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс өмнө багтаж СЕХ-нд, аймаг, нийслэл дэх намын салбар байгууллага нь аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ мөн энэ хугацаанд аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бичгээр ирүүлэх ёстой. Нам СЕХ-нд бичгээр ирүүлэх хүсэлтдээ 10 нэр төрлийн баримт бичгийг, эвсэл нь 11 нэр төрлийн баримт бичгийг тус тус хавсаргах ёстой юм.  

Мөн мөрийн хөтөлбөртөө төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулах шаардлагатай. Энэ чиглэлээр Үндэсний аудитын газар, СЕХ хамтран ажиллаж байна. Үүний дараа нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх ёстой. Сонгогчид нэрийн жагсаалтад өөрсдийнхөө нэрийг байгаа эсэхийг эртхэн тулган үзэж, цэгцлэх ёстойг анхаарах хэрэгтэй юм.

СЕХ нам, эвслийн хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээж авснаас хойш 5 хоногт багтаан, өөрөөр хэлбэл, тавдугаар сарын 4-ний өдрөөс өмнө бүртгэх эсэх тухай шийдвэр гаргаж, батламж олгоно.  

-Нэр дэвшүүлэх ажиллагааг хэзээ явуулах, ямар журмаар явуулах ёстой вэ?

-Нам, эвслээс нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, 5 хоногийн хугацаанд дуусгах буюу тавдугаар сарын 5-9-ний хооронд явуулна. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн тухайд нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшигчийн холбогдох баримт бичгийг нэр дэвшүүлэх хугацаа дууссан өдрөөс хойш 5 хоногт багтааж буюу тавдугаар сарын 14-ний дотор СЕХ-нд ирүүлнэ.

-Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийн тухайд?

-Нэр дэвшүүлсэн нам нь нэр дэвшигчийн холбогдох баримт бичгийг нэр дэвшүүлэх хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтааж буюу тавдугаар сарын 12-ны өдрийн орон нутгийн цагаар 17.00 цагаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлэх ёстой.

-Бие даан нэр дэвшигчид хэрхэн бүртгүүлэх вэ. Тавигдах шаардлага нь юу байх вэ?

-Бие даан нэр дэвшигч нь нэр дэвшүүлэх ажиллагаагаа мөн санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, 7 хоногийн хугацаанд дуусгах буюу тавдугаар сарын 5-11-ний хооронд явуулна. УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигч нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш холбогдох баримт бичгээ 5 хоногт багтааж буюу тавдугаар сарын 16-ны дотор СЕХ-нд ирүүлнэ. Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигч холбогдох баримт бичгээ нэр дэвшүүлэх хугацаа дууссан өдрөөс хойш 3 хоногт багтааж буюу тавдугаар сарын 14-ний өдрийн орон нутгийн цагаар 17.00 цагаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ.

Бие даан нэр дэвшигч нь УИХ-ын сонгуульд нэр дэвших бол 801-ээс доошгүй, аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших бол 201-ээс доошгүй, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших бол 501-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсэг зуруулсан байх ёстой. Сонгогчдын гарын үсэг зуруулах маягтаа аймаг болон дүүргийн сонгуулийн хорооноос авах ёстойг анхаарах хэрэгтэй.

-Тэгвэл нэр дэвшигчдийг бүртгэх эсэх шийдвэрийг хэзээ гаргах вэ?

-СЕХ нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор буюу нам, эвслээс нэр дэвшигчийн тухайд тавдугаар сарын 21-ний дотор, бие даан нэр дэвшигчийн тухайд тавдугаар сарын 23-ны дотор тус тус бүртгэх эсэх асуудлыг нь шийдвэрлэж тогтоол гаргана.

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь нэр дэвшигчдийн холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор буюу намаас нэр дэвшигчдийн тухайд тавдугаар сарын 17-ны дотор, бие даан нэр дэвшигчдийн тухайд тавдугаар сарын 19-ний дотор тус тус бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.

-Нэр дэвшигчийн үнэмлэхийг хэзээ олгох вэ?

-УИХ-ын сонгуульд нэр дэвшээд бүртгэгдсэн нэр дэвшигчдэд СЕХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшээд бүртгэгдсэн нэр дэвшигчдэд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь санал авах өдрөөс 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 7-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг нэгэн зэрэг олгох болно.

СЕХ-ноос дээр дурьдсан асуудлаар бүх намуудад албан бичиг, маягтуудыг хүргүүлсэн байгаа. Харин бие даан нэр дэвшигчдийн хувьд манай Хорооны www.gec.gov.mn цахим хуудсанд тавигдсан мэдээлэл, материалтай танилцах нь зүйтэй юм.   

-Сонгуулийн хороодыг хэзээ байгуулах вэ?

-Сонгуулийн тухай хуулиар бол байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод, санал авах байранд ажиллах төрийн албан хаагчид сургалтад хамрагдаж, сертификат авсан байх ёстой. Сургалтыг СЕХ-ноос зохион байгуулж, сертификат олгох юм. Гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн манай Ажлын албаны болон Мэдээллийн технологийн төвийн ажилтнууд 4 баг болон улсын хэмжээнд сургалт явуулж эхлээд байна. 4 дүгээр сарын 15 гэхэд сургалт дуусна. Сургалт дууссаны дараа сонгуулийн хороодыг хуулийн хугацаанд шат шатандаа байгуулах болно.

Н.Гантуяа

相关新闻