"Шийдэмгий нүүдэл" номыг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-12-18 19:05:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Батсүхийн Саранчимэг өнөөдөр УДБЭТ-т "Шийдэмгий нүүдэл" шинэ номынхоо нээлтийг хийлээ. Энэ нь түүний хоёр дахь ном бөгөөд "Шатарт шийдэмгий нүүдэл хожил авчирдаг шиг  амьдралд зөвийн төлөө шийдэмгий бай" гэдэг санаагаар бусдад урам зориг,  эрч хүч хайрлахыг зорьж номоо ийнхүү нэрлэжээ.


"Дундговь аймгийн төвд сургуульд орохынхоо өмнөхөн өвөөгийнхөө шатар тоглохыг харж сурснаас хойш  шатартай амьдралаа холбожээ. Тиймээс шатар амьдрал хоёрыг холбож номоо бичлээ. Шатарт шийдэмгий нүүдэл хожил авчирдаг. Амьдралд зөвийн төлөө шийдэмгий бай. Шатарт хожлын төлөө бүү ухар. Шатрын хүү ухарч нүүдэггүй. Хүсэл эрмэлзэлтэй хүн зорилгоосоо ухардаггүй. Хожил урам, хожигдол ухаарал, хатуужлыг өгдөг" гэж Б.Саранчимэг номынхоо тухайд өгүүлэв.

Түүний номын тухай УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Шатрын зүтгэлтэн, төрийн түшээ Б.Саранчимэгийн бичсэн номын хуудас бүрээс түүний ухаарал, дотоод сэтгэл, хүсэл тэмүүллийг мэдэрч "Шийдэмгий нүүдэл" хийх ухаанаас суралцах болно" гэдгийг онцлов.

Шатрын олон улсын хэмжээний мастер, МУГД  П.Жигжидсүрэн "Б.Саранчимэг бол шатарчдад их буян хийж байгаа хүн. "Ногоон бэрс" шатрын хөтөлбөр санаачилж 6000 гаруй хүүхдэд шатар авч өгч, 60 гаруй хүүхдийг "Ногоон бэрс" шатрын клубт хичээллүүлж ирээдүйн шатрын мастеруудыг бэлтгэхэд оролцож байгаад нь их талархдаг. Олон жил шатарт амьдралаа зориулсан хүний хувьд, шатрын төлөө ийм сэтгэл гаргаж байгаа хүн цөөхөнг мэднэ. Б.Саранчимэг минь олон сайхан "Шийдэмгий нүүдэл" хийгээрэй" гэж баяр хүргэлээ. Ийнхүү түүний номын хуримд олон хүн сэтгэгдлээ хэлж, баяр хүргэсэн юм.


相关新闻