Нурангин дор 40 цаг байсан эрэгтэйг аварчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-19 14:52:39

МЕХИКО. /RIA Novosti/. Эквадорын Портовьехо хотод газар хөдлөлтийн улмаас нурсан байшингийн нурангин дор 40 цагийг өнгөрүүлсэн нэгэн эрэгтэй хүнийг Эквадор  болон Колумбын аврагчид даваа гарагт аварсан байна.

“El Comercio” цахим хуудсанд бичсэнээр, аврагдсан залуу зочид буудлын менежер байсан бөгөөд газар хөдлөх үеэр нэг давхарт байсан аж. Есөн давхар зочид буудлын барилга нурж бүрэн сүйдсэнээр тэрбээр нурангинд даруулжээ. Гэвч Пабло Кордобе азаар амьд үлдэж, түүгээр барахгүй төрөл төрөгсөд рүүгээ утсаар ярьж, хаана байгаагаа хэлсэн байна.

Аврагчид маш чамбай ажиллагаа явуулсны дүнд хэдхэн цагийн дараа түүнийг нурангин дороос гаргаж чаджээ.

Одоогийн байдлаар Портовьехо, Манта, Педерналес болон Хама хотын эвдэрч сүйдсэн байшин барилгуудын нурангийг зайлуулахад эквадорчуудаас гадна Венесуэл, Колумб, Чили, Перу, Сальвадор, Куба, Испани болон Мексикийн 400 гаруй аврагч ажиллаж байна.

Дөрөвдүгээр сарын 16-ны орой Эквадорт 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ. Асар их хөнөөл тарьсанн байгалийн гамшгийн улмаас олон давхар зочид буудлууд, ресторанууд, орон сууцууд нурсан байна. Хамгийн сүүлийн мэдээгээр, газар хөдлөлтийн улмаас 413 хүн амиа алджээ.

Д.Жаргал

 

 

相关新闻