Сэлэнгийн ахмадууд амьдралаа арай ч элгээр нь хэвтүүлчихгүй залгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Ахмадын хорооны удирдах ажилтны зөвлөлгөөн Ерөө суманд өчигдөр боллоо. Зөвлөгөөнд Монголын ахмадын хорооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, 17 сум, 6 тосгодын ахмадын хорооны дарга нар, Дархан-Уул аймгийн Ахмадын хорооны дарга Д.Энхтайван, Орхон аймгийн Ахмадын хорооны дарга М.Амаржаргал, 17 сумдын ЗДТГ-ын дарга нар оролцож, өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгууллаа.
Зөвлөлгөөний үеэр аймгийн Засаг дарга С.Бүрэнбат ахмадуудынхаа гаргасан амжилтыг үнэлж, талархал дэвшүүлж, аймаг орон нутагт өрнөж байгаа цаг үеийн ажил болоод өөрийн өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ахмадын чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлого шийдвэрийнхээ талаар танилцууллаа. Сумдуудын ахмадын хорооноос 2015 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа талаар зурагт самбар хийж байршуулахын зэрэгцээ ахмадуудын амьдрал гэрэл зургийн дуранд үзэсгэлэн гаргасан нь зөвлөлгөөнийг чимж байв. Энэ үеэр ахмадуудаа удирдан зохион байгуулах ажилдаа амжилт гаргасан Хүдэр сумын ахмадын хорооны дарга Д.Ононтуул, Сүхбаатар сумын ахмадын хорооны дарга С.Очир нарын зарим хүмүүсийг аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэгээр” шагнасан юм. Тус үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга С.Бүрэнбат хэлсэн үгэндээ ”Ер нь бид ахмадууддаа хоёр том зорилт дэвшүүлэн ажилласан. Тухайлбал сум, тосгод бүрдээ ахмадын өргөө байгуулсан. Ингэснээр эдний маань ажил үйлс тогтмолжиж хэвшлээ. Одоо бид ахмадуудынхаа үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалтанд санаа зовохгүй болсон. Харин цаашид ахмадуудыг идэвхитэй амьдрал руу оруулах, ялангуяа нийгмийн амьдралд оруулж, ахмадуудын зарим давуу талуудыг ашиглах ёстой. Ийм учраас бид ахмадын зөвлөх баг ажиллуулж, ажил мэргэжлийн тодорхой чиглэлүүдэд залуучуудад сургаал, зөвлөмж өгүүлэх чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар явуулахаар төлөвлөж байна” хэмээн онцлон дурьдсан юм. Аймгийн Ахмадын хорооны дарга Р.Ганхуягийн сэтгэгдлийг сонслоо. Тэрээр:”Энэ жилийн хувьд манай зөвлөлгөөн Монголын Ахмадын холбооны 85 жил, Сэлэнгэ аймагт Ахмадын байгууллага үүссэний 45 жилийн ой, Сэлэнгэ аймгийн 85 жилийн ой, 2015 оны ажлаараа Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээс шалгарч “Шилдэг ажилтай тэргүүний ахмадын хороо” болсон он жилд тохиож буйгаараа онцлогтой болж байна. Ер нь аймгийн ахмадын хорооны өмнөө тавьсан гол бодлого чиглэл бол ахмадуудынхаа нийгмийн хамгаалал түүнийг идэвхжүүлж, сайжруулах, амьдралыг нь өөд татах, бусад олон асуудал байдаг. Мөн аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтанд гар бие оролцох. Түүнчлэн ахмадуудын сэтгэлийг зовоосон олон чухал асуудлууд байдаг. Тухайлбал залуу гэр бүл, тэдгээрийн тогтворын асуудал, юмны үнийн өсөлт, тэтгэвэр тэтгэмж нэмэхгүй байгаа, тэтгэврийн зөрүүтэй байдал, тэтгэвэрийн зээлийн хүү өндөр зэрэг олон асуудлаар төр засагтаа удаа дараа шаардлага тавьсан. Олигтой арга хэмжээ авахгүй байгаа байдал ахмадуудад хүлээлт үүсгээд байна. Ахмадууд 221 мянган төгрөгийн тэтгэвэрээр чадан ядан амьдарч байгаа. Ахмадуудын нуруун дээр үүрүүлж байгаа ачаа бол ажилгүй хүүхдүүдийнх нь үр ач, зээ, ажилгүйдэл, ядуурал. Манай Сэлэнгийн ахмадууд харьцангуй өөр. Яагаад гэвэл тэд амьдраад сурчихсан байдаг. Ногоо тарих, гахай, галуу шувуу тэжээгээд сурчихсан. Тэднийгээ үржүүлээд маллаад түүгээрээ бага ч гэсэн орлогоо нэмэгдүүлээд амьдралаа арай ч элгээр нь хэвтүүлчихгүй залгуулаад явж байна. Тэд маань уламжилж ирсэн амьдралын арга хэлбэрээрээ бусад аймгаасаа арай илүү байдаг. Манай бас нэг онцлог нь хил гааль ойрхон, дэд бүтэц хөгжчихсөн нь арай өөр нөлөө үзүүлж байгаа юм. Хэдийгээр хүлээлттэй, сэтгэл зовоосон асуудлууд байгаа ч манай ахмадууд уужуу тайван, ухаалаг байдлаар төр засагтаа итгэж, дараагийн төр засаг арай дээр болох болов уу гэж найдан хүлээж байна. Ахмадууд бидний ажлыг аймгийн ИТХ, Засаг дарга, бүх шатны удирдлагууд дэмжсэний хүчинд бид өнөөдөр ийм том амжилтанд хүрч, түүхэндээ анх удаа Сэлэнгэ аймгийн Ахмадын хороо улсдаа ажлаараа тэргүүллээ. Энд би их баяртай байгаа. Нийт ард иргэддээ, биднийг дэмждэг төрийн болон төрийн бус байгууллагынхандаа Сэлэнгэ аймгийн нийт 10000 ахмадын өмнөөс баярласнаа илэрхийлье” гэлээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг