12 дугаар сарын агаарын хэм олон жилийн дунджийн орчим байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-12-04 11:46:52

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр тухайн сард нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөв ажиглагджээ.

Нэг ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр цас орно. Энэ үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр 18-20 м/с-д хүрч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.  

Харин сарын агаарын хэм олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байх аж. Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад хугацаанд шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

相关新闻