Уул овоогоо тахих нь сайн дурын хэрэг ч эрэгцүүлэн бодох зүйл байна 

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-18 14:48:53

2016 оны дөрөвдүгээр сарын 17-ны Ням гарагийн 11 цаг 40 минутад дархан цаазат Булган хан уулын өврийн баруун суганд Ичинноровын Мөнхсаруул гэгч “гэгээнтэн” мөн тэнгэрийн ерөөлөөр айлдвараа уран яруу эгшиглүүлэн шүлэглэж буулгалаа.

Уул овооныхоо тэнгэрийг тахих нь сүсэгтэн олны сайн дурын хэрэг бөгөөд байгаль дэлхийгээ хайрлах уламжлалт ариун үйлсийг түгээж явааг сайшаалтай ч эрэгцүүлэн бодох зүйл бас байна. 

Аливаад хэрсүү ханддаг Заяын шавийнхан буюу уугуул иргэд энэ арга хэмжээнд оролцсонгүй. 400 орчим хүн хуран цугларсны бараг тэн хагас нь Мөнхсаруул гэгчийн тодруулсан “хаад”, “ноёд”, “хатад” аж. 100 гаруй нь Булган хан уулын үүцийг задлаж баяжих гэсэн гэнэн бүсгүйчүүл хүүхдүүд. Үлдсэн нь сонирхогчид байлаа.

Хэн хаанаас зохион байгуулсныг бүү мэд, дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн Булган хайрханыг тахиж, үүцийг нь задлаж бултаараа баяжих юм гэсэн яриа тархлаа. Тэгээд хишгийн авдартай бол авдраа, авдаргүй бол авдарт байх хишгийг төлөөлүүлэн, таван өнгийн хадаг, дөрвөн бэрхийн шагай, даллагын идээ, есөн төрлийн будаа авчрах, түүнчлэн олбог сандал, өргөлийн сүү, арвай будаатай ирэхийг сурталчилж байлаа.

Бибээр байдлыг Цагаан даваа, Цогт уулын гудамжнуудаас ажиглаж, энэ зуур хэд хэдэн хүнтэй уулзаж сонирхлоо. Гурван балчир өнчин хүүхдээ дагуулж яваа бүсгүй Д.Пүрэв “Бид заяын гэгээнтнийг ирсэн гэхлээр нь оролцлоо. Юү ч болоод, яагаад ч байгааг мэдсэн юм алга. Уухайлан хашгираад л байсан. Бэлтгэлгүй очсон болохоор сайн сайхныг билэгдэн 5 хадаг, цагаан будаа тэднээс худалдан авч, хэдэн төгрөг өргөл барьцад барьсан гэж байхад, Ш.Од гэгч залуу Архангайхан арслан сийлбэртэй модон авдрыг өөрсдөө хийж чадахаар л юм байна.

Хүмүүст жижиг авдар сурын өөдөс тэргүүтнийг далан мянган /70000/ төгрөгөөр борлуулж байна лээ”-гэв.

Нөгөөтэйгүүр, Булган уулыг тахидаг өөрийн жаяг бас тусгай ном судар байдгийг нутгийн буурлууд ярьж байна. Булган уул бол төрийн тусгай хамгаалалтанд байдаг болохоор орон нутгийн засаг захиргаанаас зөвшөөрөл авах ёстой. Тэгтэл, тийм ч юм алга. “Сүнс”-гэж яриад байх нь шашин ч юм шиг, гал асаахыг нь харахаар бөөгийн зан үйл ч юм шиг, авдар будаа, хадаг сэлтийг зараад байгааг бодохоор бизнес ч юм шиг, ийм нэгэн сонин явдал олныг алмайруулан гайхшруулж чадав.

4 дүгээр сарын 18-нд Архангайн багшийн сургуулийн багш Болдыг Богд хаанаар тодруулсан ч гэх шиг сонин мэдээ цацагдлаа. 

Архангай аймаг Л.Булган

 

相关新闻