"Бүтээлийн ундарга" шагнал гардуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
delgermaa@montsame.mn
2019-11-22 17:20:44

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Тэргүүн шагнал "Бүтээлийн ундарга"-ын эзнийг тодруулна. Тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 62 дугаар тогтоолоор “Бүтээлийн ундарга”, “Оюуны ундарга” Дорнод аймгийн тэргүүн шагналыг бий болгож байсан юм. 

Дорнод нутгаас төрсөн суут хүмүүний нэг, XIX зууны Монгол төрийн нэрт зүтгэлтэн, их бүтээлч, эдийн засгийн шинэтгэгч Б.Тогтохтөр /То Ван/-ийн дүр бүхий “Бүтээлийн ундарга” хүндэт тэмдгийг хөдөлмөр бүтээлээр, XX зууны Монголын манлай их эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн дүр бүхий “Оюуны ундарга” хүндэт тэмдгийг оюуны бүтээл, туурвилаар амжилт гаргасан хүмүүст олгодог уламжлал тогтоод арав гаруй жил болж байна. Ийнхүү 2019 онд Дорнод аймгийн тэргүүн шагнал “Бүтээлийн ундарга”-ын эзнийг тодруулахаар аймгийн Засаг даргын захирамжаар шагналд нэр дэвшигчийг шалгаруулах ажлын хэсэг байгуулав.

Дорнод аймгийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийж, орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, аймгийн хөгжлийн төлөө бүтээлч санал, санаачилга гаргаж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг манлайлан ажилласан “То-Ван” судлал болон түүний амьдрал, үйл бүтээл, туурвилыг сурталчлан дэлгэрүүлэхэд идэвх зүтгэл гаргасан дотоод, гадаадын иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, түүний гишүүд, ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж, орон нутгийн төсөвт татвар төлөлтөөр манлайлан үлгэр жишээ үзүүлсэн аж ахуйн нэгжийн удирдлага, бизнесменүүд “Бүтээлийн ундарга” шагналд нэр дэвших боломжтой.

Ажлын хэсэг шалгаруулалт хийж, 1-2 хүний нэрийг тодруулан аймгийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн эцсийн шалгаруулалтыг хийдэг. Шагналыг 2019 оны 11 дүгээр сарын 26-нд Улс тунхагласны баярын өдрөөр гардуулах юм.

相关新闻