2500 хүүхэд математикаар өрсөлдөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн Цэцэрлэг хотноо “Хүмүүн-1”- цогцолбор сургууль дээр Ардын боловсролын тэргүүний ажилтан, математикийн багш С.Чүлтэмсамбуу агсны нэрэмжит Архангай аймгийн аварга шалгаруулах “Стандарт-5” математикийн олимпиад энэ сарын 16-ны өглөөнөөс эхлэн явагдаж байна.
Архангай аймгийн боловсрол соёлын газар, нэгдүгээр сургууль, тус сургуулийг 1992 онд төгсөгчид зохион байгуулж байгаа уг тэмцээнд бүх сургуулийн нийт ангиас шалгарсан 2500 орчим сурагч оролцож байна гэж С.Чүлтэмсамбуу агсны дүү Б.Жигдэн хэллээ.
Энэхүү олимпиадыг С.Чүлтэнсамбуу багшийн гэргий, бага ангийн багш М. Цэрэндолгор, түүний үр хүүхдүүд, нэгдүгээр сургуулийг 1992 онд төгссөн С.Өлзийсайхан багштай 10 дугаар ангийн “Б” бүлгийнхэн ивээн тэтгэж байгаа аж.
Математикийн олимпиадын дүн 3 хоногийн дараа гарах бөгөөд шалгарсан сурагчид энэ оны тавдугаар сарын 4-8-нд Цэцэрлэг хотноо болох Монголын математикийн олимпиадад чадлаа үзэх эрхийг олж авах юм байна.
Олимпиадын зэрэгцээ эцэг, эхчүүдийн дунд шатар волейболын тэмцээн, математикийн багш нарын хичээл заах ур чадварын уралдаан явагдаж байна.
Архангай аймаг Л.Булган