Аж ахуйн нэгж, иргэдийн 225 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
ФОТО МЭДЭЭ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын хамт олон 2019 он гарсаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 225 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Тодруулбал, тус аймгийн хэмжээнд энэ жил гал түймрийн 65, цас болон шаварт суусан дуудлага 15, эрэн хайх, аврах ажиллагааны 5, мөнгөн ус алдагдсан 1 дуудлагаар ажиллаж, 125 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 225 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.
Түүнчлэн тус газрын хамт олон иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах, аюулгүй байдлыг хангах, болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх үндсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлж, алба хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулан ажиллаж байна.
Тэдгээрээс дурдвал, Онцгой байдлын газрын хамт олон байгууллагын гадна орчны өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг өөрсдийн нөөц бололцоог ашиглан хийж, хүндэтгэлийн өргөө, албаны музей байгуулан, бялдаржуулах, сургалтын танхим, цэргийн амрах байрыг засварлан тохижуулжээ. Мөн шуурхай албаны автомашины бэлэн байдлыг хангах зорилгоор тавиулангийн шалны цутгалтыг шинээр хийж, зөөврийн хөдөлгөөнт эргүүлийн байр, нохойн байр барьж, цэвэр усны шугамны засварын ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.







