Бага хайрханы отрын бүс нутагт 128.9 мянган толгой мал өвөлжинө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Гамшгийн эрсдэлийг
бууруулах орон нутгийн зөвлөлийн хурал болж аймгийн ХХААГ-аас
мал аж ахуйн өвөлжилтийн мэдээллийг өглөө.
Завхан аймгийн хэмжээгээр 2019-2020 онд 24 сумын 116
багийн 8.9 мянган малчин өрхөд 3,8 сая мал, хонин толгойд шилжүүлснээр 6,2 сая мал өвөлжиж, хаваржих төлөвтэй байна.
Тухайлбал Бага хайрханы аймаг дундын отрын бүс нутагт 2019-2020 онд нийт 98 өрхийн 128.9 мянган толгой мал отроор өвөлжих санал ирүүлжээ. Үүнтэй холбоотой Бага хайрханы аймаг дундын отрын бүс нутгийн түр зөвлөл хуралдаж Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан сумаас нийт 35.0 мянган толгой мал оруулахаар шийдвэрлэсэн байна. Учир нь энэ жил аймгийн нийт нутгаар зуншлага сайн, намар дулаахан, мал тарга тэвээрэг сайн авсан учраас Бага хайрханы отрын бүс нутагт олон мал өвөлжүүлэхгүйгээр өнжөөж бэлчээрийг хамгаалахаар болсон. Тиймээс бага хэмжээний малыг өвөлжүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин өөрийн
аймгийн бусад сумын нутагт 248 өрхийн 168,8 мянган малыг өвөлжүүлэхээр болсон байна. Хилийн
зурвас нутагт Баянтэс,
Тэс сумаас 111 өрхийн 28,3 мянган мал, Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт
174 өрхийн 72,5 мянган мал отроор
өвөлжиж байна. Гадна хөрш зэргэлдээ Архангай, Баянхонгор, Хөвсгөл аймагт Их-Уул, Тосонцэнгэл, Отгон сумаас 199 өрхийн 87,1 мянган мал, отроор өвөлжихөөр гэрээ
хэлцэл хийгээд байгаа аж.
Өвс тэжээлийн нөөцийг 85 хувьтай бэлтгэжээ
Завхан аймаг аюулгүйн нөөцдөө Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 285 дугаар тогтоолоор аймаг
250 тонн өвс, 50 тонн тэжээл, сум бүр 30 тонн тэжээл, 100 тонн өвсийг бэлтгэж аюулгүйн
нөөц бүрдүүлэх ёстой.
Тиймээс аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор аймгийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд орон нутгийг хөгжүүлэх сангаас 100,0 сая төгрөгийг зарцуулж, аймгийн аюулгүй нөөцөд 144 тонн өвс, 90 тонн тэжээлийг бэлтгэж нөөцөлжээ.
Харин Нөмрөг,
Цэцэн-Уул сумаас бусад 22 сум 803,0 тонн өвс, 173,6 тонн тэжээл бэлтгэж өвс
тэжээлийн дундаж нөөц 28,8 хувьтай байна. Энэ жил аймгийн хэмжээнд 20,4
мянган тонн байгалийн хадлан, 283,5 тонн гар тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэйгөөс 16,8 мянган тонн байгалийн хадланг
бэлтгэжээ. Харин гар тэжээл 266,9 тонн, 2344,2 тонн ногоон тэжээл, 2641,9 тонн
давс, хужир шүү бэлтгэж даалгаврын хэрэгжилт 85,1 хувьтай байна хэмээн аймгийн
ХХААГ-аас дуулгав.
Завхан аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 798 уст цэг
байгаагаас 700 нь ашиглахад бэлэн байна. Нийт 8,7 мянган малчин өрх усан
хангамжаар хүрэлцээтэй хангагдаж байна.
Энэ жил Завхан аймаг өөрийн хөрөнгөөр Баянтэс, Завханмандал, Идэр, Түдэвтэй, Эрдэнэхайрхан суманд нийт таван худаг, Тосонцэнгэл суманд нэг ус түгээх цэгийг засварласан. Мөн Яруу суманд хоёр худгийг орон нутаг болон малчдын хөрөнгөөр сэргээн засварлаад байгаа. Дөрвөлжин суманд орон нутгийн хөгжлийн сан болон малчдын хөрөнгөөр хоёр худаг, дөрвөн худгийг уул уурхайн "Баян айраг" ХХК-ийн хөрөнгө оруулалтаар шинээр тус тус гаргаж ашиглалтад өгчээ.
Аймгийн хэмжээний нийт малчин өрхийн 98 хувь нь усан хангамж хүрэлцээтэй байна. Харин малын хашаа хорооны тухайд аймгийн хэмжээнд 5.6 мянган бог малын, 1.2 мянган бод малын хашааг засварласан. Малын хашаа хорооны ариутгалын ажил аймгийн хэмжээнд 100 хувь хангалттай түвшинд хийсэн байна. Харин 24 сумын 8.9 мянган малчин өрхийн хувийн бэлтгэл хангалт 90 гаруй хувьтай байна. Малчдын өвс, тэжээлийн татан авалт 85,1 хувь, аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бүрдүүлэлт 78,8 хувь, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 28,8 хувь гээд Завхан аймгийн мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл 80,4 хувьтай байна хэмээн нэмж дуулгалаа.