Казахстан улстай боловсролын салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-11-13 10:07:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаевыг хүлээн авч уулзлаа.

Хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаа урт хугацааны түүхтэй бөгөөд сүүлийн жилүүдэд улам өргөжин бэхжиж, тухайлбал боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр байгуулж, Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог 5-25 болгон нэмэгдүүлсэн зэргийг талууд онцлон тэмдэглэв.

Цаашид боловсролын салбарт, түүний дотор сургуулийн өмнөх боловсролын болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш нарыг бэлтгэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тэднийг урт, богино хугацаагаар сурган бэлтгэх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн түүх, археологийн хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, эрдэмтдийн бүтээлийг харилцан хэвлэх, урлаг, спортын хамтарсан бэлтгэл сургууль хийх, туршлага солилцох зэрэг хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. 

相关新闻