Иргэдээ хүндэтгээгүй яамны шийдвэр эсэргүүцэлтэй тулгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын 8 дугаар багт байрлах төмөр замын 25
дугаар км дэх гарам нь 60 гаруй жил ашиглагдаж байгааг тус багийн иргэд ярьж
байлаа. Энэхүү УБТЗ-ын хойд чиглэл дэх 25-р км-ийн гармыг Монгол Улсын ЗТХЯ-ны шийдвэрээр 2019 оны 11-р сарын 1-ний өдрөөс эхлэн бүр хаахаар
болсон юм. Тус гарам нь төмөр зам, авто замын огтлолцлын цэгт оршдогоороо нэлээд
онцлогтой. Эл гарам дээр дөрвөн эгнээ шинэ төмөр зам барих бүтээн байгуулалтын
ажлыг хийж гүйцэтгэхээр өнгөрсөн сарын 24-ний өдрөөс түр хаасан аж. Гэтэл салбарын
яамны шийдвэрээр гэнэт бүрмөсөн хаах болсон нь иргэдийн эсэргүүцэлтэй
тулгарахад хүрчээ.
Энэ талаар
Сүхбаатар сумын Засаг
даргын орлогч Б.Отгонзаяагаас тодрууллаа. Тэрээр, ”Анх
удаа бидэнд аймаг, сумаар дамжиж төмөр замын байгууллагаас ирсэн бичиг бол 10-р
сарын 24-27-ны өдрүүдэд 25-р гарам дээр зам засварын ажил хийнэ. Иймээс түр
хаагаад буцаагаад нээнэ гэсэн утгатай бичиг ирсэн. Бидний зүгээс олон улсын
чанартай төмөр зам дээр засвар хийж байгааг хүлээн зөвшөөрч, саадгүй хийх нөхцөлөөр
хангаж өгсөн. Гэтэл одоо болохоор эсрэгээр энэ гармыг бүрмөсөн хааж, иргэд
зорчих боломжгүй мэдээллийг өглөө. Энэ талаар иргэдээс маш их санал гомдол ирж
байна. Манай 25-ын орчинд 90 гаруй өрх амьдардаг. Энэ хэмжээгээр 300-400 иргэний
асуудал энд хөндөгдөж байгаа юм. Энд ихэвчлэн өндөр настай ахмадууд,
амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлогтой иргэд амьдардаг. Ингээд
гармыг нь хаачихлаар эдгээр хүмүүс маань хаа байсан 10 км-ээр тойрч, бойны
тохойн гармаар дамжаад ирэхээр болж байна. Сая та бүхэн харсан. Машин
байтугай, жижиг тэрэг ч явж болохооргүй
намаг дундуур явж ирлээ. За яахав унаатай нь ингээд яваад ирлээ гэхэд машингүй
хүмүүс нь яах болж байна. 2 кг төмс, 20 кг гурилаа аваад гэртээ ирэхдээ дахиад
10 мянган төгрөг төлж таксинд сууж ирэх болж байна. Иргэдийн амьдралд маш
хүндээр тусч эхэллээ. Мөн өнөө өглөө энэ гүүрэн доогуур машин гарч яваад кастро
цөмөлсөн гэсэн гомдол мэдээлэл ирсэн. Бидний зүгээс сумын удирдлагуудын барьж
байгаа байр суурь бол энэ гармыг үргэжлүүлэн иргэдэд үйлчлүүлэх нь зүйтэй
юмаа. Мэдээж үзэгдэх орчин хязгаарлагдмал гэсэн олон болохгүй нөхцөл байгаа юм
байна. Гэхдээ энэ талаар эрт бидэнд мэдэгдсэн бол иргэддээ хандаад зөв мэдээлэл
өгч, УИХ-ын гишүүддээ хандаад зарим асуудлаа шийдэж болох байлаа. Ямар ч
бэлтгэлгүйгээр, иргэдэд мэдээлэлгүйгээр, төр захиргааны байгууллага нь хүртэл
мэдээлэлгүйгээр энэ асуудал шийдэгдлээ. Иргэд сэтгэл зүйн бэлтгэл хангагдаагүй,
бид төсөв санхүүгийн хувьд ямар ч боломжгүй байна. Хоёр талдаа пост ажиллуулаад
дахин ажиллуулж болохгүй юм болов уу. Хамгийн гол нь иргэдийн асуудлаа
шийдээгүй байна” хэмээн ярилаа.
Гарам хаагдсанаар иргэд болоод тэнд байрладаг ААН-үүдэд хөрөнгө санхүүгийн ихээхэн хүндрэл учирч байгаа аж
Энэхүү гарам хаагдсан нь тус багийн иргэдэд хүндээр тусч байгаа юм. Тухайлбал эмнэлгийн түргэн тусламж, онцгой байдлын яаралтай тусламж дуудахад, мөн иргэд ямар нэгэн ажлаа амжуулахаар төв орохдоо намаг шалбааг, дов сондуул ихтэй замаар 10 гаруй км тойрч явах болоод байгаа аж. Түүнчлэн тус гармаар гарч үйл ажиллагаагаа явуулдаг “Урсгал ус” ОНӨААТҮГ, иргэдэд цаг хугацаа алдах, хөрөнгө санхүүгийн ихээхэн алдагдалд хүрэх болж байгааг тэд ярьж байв.
“Урсгал ус” ТӨААТҮГ-ын захирал
А.Алтансүх: ”Манай байгууллага Сүхбаатар хотыг усаар хангадаг. Манай байгууллагын
төвлөрсөн авто гарааш, контор энэ гармын наад талд байдаг. Үүнийг хааснаар өдөр
тутам үйл ажиллагаа явуулдаг манай байгууллагын усны хоёр машин, нүүрсний 3-4
машин, аваар осол гарлаа гэхэд тусгай зориулалтын тоног төхөөрөмжүүд бүгд энд
байж байна. Энэ намгаар гарах ямар ч үндэслэл байхгүй. Шугам хоолой хагарлаа
гэхэд том экскаватор кранууд энэ намгаар зорчих ямар ч боломж байхгүй. Зөвхөн
ажлаа гүйцэтгэхэд нэг машин 10 км тойрч яваад ажил дээрээ ирж өдрийн ажлаа
гүйцэтгэж байна. 10 км-ийн цаана зөвхөн нэг машины зардал хэд байх уу. шатах
тослох материал, өдөр тутам үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн тооцоот үйлдвэрийн
газар, материалын үнэ өдөр ирэх тутам өсч байна. Энэ хэрээр зардал нэмэгдэж
байна. Аж ахуйн нэгжид ийм хүндрэл ирж байхад өрх гэрт мөн адил. Цаг хугацаа
санхүүгийн хүндрэл учирч байна.
Эртнээс хоёр тал хоорондоо
хэлэлцэж, ард, иргэд албан байгууллагуудаа зохицуулах байсан. Манай явган
ажилчид вагон доогуур шургаж байна. Үүний цаана хүний амь нас бий. Цаашлаад гал
гарах, эмнэлэг дуудах гээд маш эрсдэл их үүсч байна. Ингэж төрөөс хууль дүрмээр
далайлгаж боломгүй байна.
Төмөр замын удирдлага энэ буруу
шийдвэрээ цуцалж, авто
гармыг жижүүртэй болгож өгнө үү гэж энд оршин
суудаг ард олон хүсэж байна
Иргэн Д.Жаргалсайхан: ”Сэлэнгийн Сүхбаатар сумын нутгаар МТЗ
дамжин өнгөрч, 25-р км нэг зуут дээр автогарам дохиололтойгоор
ажилладаг юм. Энэ газарт төмөр замын өргөтгөл хийж, уг гармыг хаалаа. 25-ын тосгоны айлууд машин нь явахад
хүндрэлтэй боллоо. Мөн зүтгүүрийн депо, ПТО, ус сувгийнхан гээд 3-4 байгууллагын ажилд муугаар
нөлөөлж эхэллээ. Аймаг сумын удирдлага огтоос зөвшөөрөхгүй байсан ч ЗТХЯ-наас
зөвшөөрөл авч уг гармыг хаасан нь буруу шийдвэр юм. Замын 1-р анги гармын дөрвөн жижүүр ажиллуулах байсан ч тэр асуудлаа шийдэж
чадахгүй ийм байдалд хүргэсэн гэж ойлгож байгаа. Уул нь зөвөөр шийдэх гарц боломж байж л
байна. Төмөр замын удирдлага энэ буруу
шийдвэрээ цуцалж, авто гармыг жижүүртэй болгож өгнө үү гэж энд оршин
суудаг ард олон хүсэж байна” гэлээ.
Мөн тус
багийн иргэн Л.Шаалуу: ”Манай энд
90 гаруй айл байдаг. Би энд 40 гаруй жил амьдарч байна. Хүмүүсийн амьдрал бүгд
хаагдлаа. Сургууль, цэцэрлэг гээд. Бидний амьдралд төр засаг ингэж хатуурхаад яана
вэ? Ингэж хохироож юу хийнэ вэ?” хэмээв.
Иргэн Л.Өлзийбат: ”Гарам хаагдлаа. Бид таксигаар явлаа гэхэд эдийн засаг хэцүү байна. Хоёр мянгаар явдаг байсан. Одоо 10 мянгаар явдаг боллоо. Хэн бидэнд мөнгө өгөх вэ тэтгэврийн хөгшчүүлд. Сургуулийн хүүхдүүд өглөө бүр таксигаар явна гэж байхгүй шүү дээ. Эмнэлгийн түргэн тусламж, гал гарах гээд орчлонг тойрч явсаар байтал их хэмжээний хохирол учирна шүү дээ. Бид 40 гаруй жил энд амьдарсан. Ямар ч осол гарч байгаагүй. Хүмүүс амьдарч зохицоод болоод л ирсэн. Манай энэ урд тал цул намаг байдаг. Үүнийг гарамтай болгож өгөх нь чухал байна. Хоёр талдаа хаалгатай болгоод дохиоллоор ажиллуулаад, жижүүр ажиллуулаад болж л байсан шүү дээ” гэлээ.
Гарам хаах болсон талаараа Улаанбаатар төмөр замын Замын
ерөнхий инженерийн орлогч Ш.Нямсүрэн ингэж тайлбарлалаа. Тэрээр: “25-р
км-ийн гармыг хаах тухай 2015 оны 03-р сарын 24-нд Монгол Улсын Зам, тээврийн
яамнаас удирдамж гаргаад шалгалт хийгээд тухайн энэ гармын өөрийн нөхцөл,
тавигдах шаардлага, норм, дүрэм, журмуудыг хангахгүй байгаа учраас 28-р км дээр
нүхэн гарцыг байгуулж, 25-р км-ийн гармыг хаа гэсэн шийдвэр гарсан. Энэ
шийдвэртэй уялдаад Улаанбаатар төмөр зам, орон нутагтай хамтраад 28-р км дээр нүхэн
гарцыг бий болгосон. Дараа нь энэ шийдвэрийн дагуу Улаанбаатар төмөр замаас энэ
25-р км-ийг хаах ёстой. Өнөөдөр ЗТХЯ-наас холбогдох
мэргэжилтнүүд, улсын байцаагч нар оролцоод тухайн гармыг хаа гэдэг үүргийг
өглөө. Үүний цаана яг ямар асуудал байгаа вэ гэхээр тухайн гарам маань хоёр
талаасаа тахир тойруу ихтэй, үзэгдэх орчин хангагдаагүй, Сэлэнгэ аймгийн төвөөс
ирж байгаа зам маань дөрвөн зам дамнасан байдаг. Ийм дөрвөн зам дамнасан
тохиолдолд тухайн гармыг ашиглах боломжгүй гэсэн Монгол Улсын ЗТХ-ийн сайдын 2017 оны 07-р сарын 16-ны өдрийн дугаар №147 гэсэн гарам
ашиглах журам дээр заасан байдаг. Бид үүнийг мөрдөн ажиллаж байгаа. Орон
нутагтайгаа зөвшилцөөд энэ 25-р хэсэгт амьдардаг 100 гаруй өрхөд гарах тодорхой
хэсгийн түр замыг барьж байгуулсан. Цаашдаа орон нутгийнхаа удирдлагуудтай
хамтраад байнгын зорчих замыг барьж байгуулах дээр хамтран ажиллая гэсэн
тохиролцоон дээр хүрч байгаа юм. Он гарсаар энэ гарам дээр гурван удаагийн зөрчил
гарсан. Энд авто машинтай хүмүүс галт тэрэгний урдуур, гармын урдуур өнгөрч
яаралтай тоормоз хийлгэсэн тохиолдол байгаа. Энэ маань цаанаа хүний амь настай холбоотой маш том эрсдэл байгаа. Хүний амь нас бол хамгийн үнэтэй зүйл. Иймээс бид
төр захиргааны төв байгууллагын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Явган зорчигчдод
зориулсан гарцыг орон нутгийн төр захиргааны байгууллагатай ярилцаад шийднэ.
Орон нутгийн шийдвэр саналыг бид хүлээж авна” гэлээ.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-р багийн 1-р хэсгийн оршин суугчдад хүйтний улирал ирж буй энэ үед гарам хаасан нь ихээхэн хүнд цохилт боллоо. Тус багийн иргэдийн дийлэнх нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг ажээ.




