120 айлын орон сууцанд 146 иргэн орох хүсэлтээ ирүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Солонго хорооллын эхний ээлжийн 120 айлын орон сууцанд 146 иргэн орох хүсэлтээ ирүүлснээс 120 хүний материалыг сонгон шалгаруулах комиссоор баталлаа.
Ийнхүү энэ оны дөрөвдүгээр сарын 29-нд улсын коммис хүлээн авсан тус орон сууцны шалгаруулалтад тэнцсэн 120 өрх энэ сард багтан шинэхэн байрандаа орох ажээ. Шалгаруулалтад тэнцсэн өрхүүдийг гурван нөхцөлтэйгөөр оруулж байгаа бөгөөд Засгийн газрын 2019 оны 138 дугаар тогтоолоор батлагдсан журам, тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар гаргасан өмчлүүлэх журмыг үндэслэл болгон дараах иргэдийг оруулж байгаа гэнэ.
Тодруулбал, Орон сууцныхаа нийт үнийн 30 хувийг төлөөд үлдсэн мөнгөө таван жилд хувааж төлөх, орон сууцныхаа нийт үнээ 60 сардаа хуваагаад тэнцүү хэмжээгээр төлөх, орон сууцны нийт үнийн 30 хувьтай тэнцэх мөнгийг таван жилд төлөөд үлдэгдэл мөнгөө ипотекийн зээлд хамрагдах журмаар төлөх хэлбэрээр өмчилж авах нөхцөлтэйгөөр орон сууцтай болох боломжийг олгосон байна.
Цаашид иргэдээс хийх эргэн төлөлтийн мөнгөөр орон сууцны сан бүрдүүлэн хуримтлуулсан мөнгөөрөө дахин орон сууц барьж төрийн албан хаагч болон зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах ажлыг үргэлжлүүлэх ажээ.
Солонго хорооллын 120 айлын орон сууц ашиглалтад орж байгаатай холбогдуулан орон сууцны цаашдын ашиглалт хамгаалалтыг хариуцах зорилгоор Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 84 дүгээр тогтоолоор Алтай орон сууцны корпораци байгуулан 11 дүгээр сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа юм.