ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төв сургалтын шинэ боломжийг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-11-06 20:34:37
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн гуравдугаар сард ШУТИС-ийн дэргэд байгуулсан Нээлттэй боловсролын төв Боловсрол 4.0”-ийг өөрийн оронд нутагшуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд боловсролын салбарын бүх шатанд цоо шинэ боломжийг нээх “Нээлттэй боловсрол-шинэ боломж” арга хэмжээг энэ сарын 7-нд зохион байгуулах аж.


Сүүлийн жилүүдэд боловсролын салбарт парадигмийн өөрчлөлт хийх шаардлага тулгарч байгааг онцгойлон анхааруулахын сацуу багшлахуйгаас суралцахуйд шилжих талаар ярих болсон. Энэ хийсвэр мэт ойлголтыг хүн бүрд хүртээмжтэй байлгахын тулд ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвөөс сургалтын нээлттэй эх материал, сурах бичиг, нийтэд зориулсан онлайн хичээлийг танилцуулж байгаа юм.


Нээлттэй боловсролын төвөөс бэлтгэсэн эдгээр бүтээлүүд нь багшийн үйл ажиллагааг уламжлалт хичээл заах хэлбэрээс сурах үйл ажиллагааны дизайнер болгон өөрчлөх нөхцөлийг бүрдүүлэх юм. Түүнчлэн тус төвөөс сурагч, оюутнууд бие даан суралцах шинэ онолын талаар судалгааг эхлүүлээд байгаа аж.


Ташрамд дурдахад тус төв нь үндэсний болон олон улсын эрдэмтэн, судлаачид, олон нийтийн төлөөллийг үйл ажиллагаандаа татан оролцуулах замаар боловсролын бодлого, сургалтын технологи, нээлттэй боловсролын талаар санаа бодлоо чөлөөтэй солилцох, хэлэлцэх,  судалгаа, инновацыг хөгжүүлэх шинэлэг орчныг бий болгожээ.


Мэдлэгээ өөр хоорондоо чөлөөтэй солилцох нь Нээлттэй боловсролын хамгийн гол онцлог шинж бөгөөд багш төдийгүй оюутан, сурагчид мэдлэгээ харилцан солилцож шинэ мэдлэгийг бүтээх, мэдлэгээ бататгах замаар боловсрол эзэмших цоо шинэ арга барилд тулгуурлаж байгаа аж.


相关新闻