Дуу бичлэгийн студийн орлого дэлхийд сүүлийн 20 жилд анх удаа өслөө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГВАШИНГТОН. /VOA/. Хөгжим, дуу бичлэгийн салбарын хувьд сүүлийн 20 орчим жилийн хугацаанд анх удаагаа борлуулалт нь мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Сүүлийн үед цахим хуудсуудаар хөгжим захиалах явдал ихээхэн түгээмэл болсон нь үүнтэй холбоотой юм.
Олон улсын дуу хөгжмийн бичлэгийн холбооноос гаргасан мэдээллээр бол, дэлхийн хэмжээгээр тус салбарын орлого 2015 онд 3,2 хувиар өсч 15 тэрбум долларт хүрсэн байна. Энэ нь захиалгаар борлуулалт хийх хэмжээ лангууны худалдаанаас олох орлогоос давж гарсантай холбоотой аж.
Дашрамд дурдахад, 1998 онд хөгжим дуу бичлэгийн салбарын орлого 4,8 хувиар өсч байжээ. Одоогийн байдлаар, дэлхий дээр 68 сая хүн дижитал дуу хөгжим захиалан сонсч байна. Тэгвэл 2010 онд ердөө 8 сая хүн ийм захиалга өгч байжээ. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд, ийм төрлийн захиалгаас орох орлогын хэмжээ нь 45 хувиар өсч, iTunes болон бусад цахим хуудаснаас татаж авсан дижитал хөгжмийн орлоготой бараг тэнцжээ.
Өнөөдрийн байдлаар, 900 сая хүн YouTube гэх мэт цахим хуудас ашиглан дуу хөгжмийг үнэгүй сонсч байна. Үүнээс болж дуу хөгжмийн бичлэгийн салбарынхан зөвхөн өнгөрсөн онд гэхэд 634 сая долларын алдагдал хүлээжээ. Ер нь бол, хөгжим сонсдог нийт хүмүүсийн ердөө 20 хувь нь мөнгө төлж дуу бичлэгийн бүтээгдэхүүн худалдан авах хүсэлтэй байдаг аж.
Олон улсын дуу хөгжмийн бичлэгийн холбооноос гаргасан энэхүү тайлан мэдээллийн хариуд YouTube сайтынхан хэлэхдээ “бид дуу хөгжмийн бичлэгийн салбарынханд 3 тэрбум доллар төлсөн, энэ тоо жилээс жилд өсч байгаа” гэсэн байна.
Д.Нямтулга