Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн боксын анхны тулаанаа Филиппинд хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-18 12:53:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боксын спорт сонирхогчдын дунд “Жижиг Үүеэ” хэмээгддэг Ганхуягийн Ган-Эрдэнэ ням гарагт буюу 10 дугаар сарын 20-нд Филиппин улсын Генерал Сантос хотноо мэргэжлийн боксын ринг дээрх анхны тулаанаа хийхээр болсныг спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагираг/ мэдээллээ.


Монголын сонирхогчдын боксын шилдгүүдийн нэг, Дэлхийн оюутны “Универсиад-2013” наадмын хүрэл, Ази тивийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Рио-2016” олимпын наадамд оролцсон Г.Ган-Эрдэнэ энэ жил 26 настай. Тэрбээр БНСУ-ын мэргэжлийн боксын промоутер Энди Кимтэй гэрээ байгуулж “Heavy Hitters promotions”-д харьяалагдан бэлтгэлээ хийж байгаа аж.

Сонирхогчдын бокст 350 гаруй тулаан хийсэн Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн боксын анхны тулаанаа Филиппиний Пауло Перонатай хийх бөгөөд 53,5 кг-д зургаан раунд тулалдах юм. “Жижиг Үүеэ”-гийн өрсөлдөгч 28 настай, мэргэжлийн бокст 2013 оноос хойш 22 удаа тулаан хийсэн туршлагатай боксчин. Тулаан орон нутгийн цагаар 19 цагаас эхлэх бөгөөд ESPN суваг тулааныг дамжуулах юм байна.

Ташрамд дурдахад, Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн боксын анхны тулаанаа домогт боксчин Мэнни Пакьяогийн амьдардаг хотын тамирчинтай тулалдахаар болжээ.

相关新闻