Баруун бүсийн орон тооны бус улсын байцаагч нарт сургалт хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завханд
Монголын Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын орон тооны гишүүн
Н.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж баруун бүсийн орон тооны бус улсын
байцаагч нарт сургалт явуулжээ.
Тус сургалтаар Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг сурталчилж, улсын байцаагч нарын цаашид хэрхэн ажиллах талаарх санал хүсэлтийг нь сонсжээ.
Сургалтад Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагуудын удирдлага, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий салбар зөвлөл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны бус улсын байцаагч, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцжээ.
Сургалтын үеэр Зар сурталчилгааны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг өгч орон нутгийн орон тооны бус улсын байцаагч нар өөрсдийн орон нутагт холбогдох хуулиудын хэрэгжилт ямар түвшинд байгаа талаараа мэдээлэл солилцлоо.
Сургалтын үеэр гарсан санал хүсэлт, мэдээлэлд тулгуурлан аймгуудын ИТХ, Засаг даргын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар олгогдсон эрх, үүргийн хэрэгжилтийг цаашид хэрхэн хангах мөн хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөлийн үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаар зөвлөмж өгсөн байна.
Ташрамд дуулгахад, Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, Шударга өрсөлдөөн,
хэрэглэгчийн төлөө газраас “Хариуцлагатай хэрэглээ-Хэрэглэгчийн эрх-2019” жил
болгон тус тус зарласан ажээ. Дээрх сургалтыг эдгээр жилийн ажлын хүрээнд
зохион байгуулж буй юм байна.