Завхан нутгийн тухай ховор домгууд сонинд нийтлэгдэж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-10-15 17:25:27
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн газар нутаг, уул устай холбоо бүхий 300 гаруй домог түүхийг багтаасан Завхан судлал III боть номд ороогүй сонирхолтой түүхүүдийг үргэлжлүүлэн Завхан судлал сонинд нийтэлж эхэлжээ. 

Завхан судлал сониныг сар бүр хэвлэн гаргаж Завхан аймагтай холбоотой судалгаа түүх, байгалийн сонин содон тогтоц, хүмүүсийн түүх, овог аймгуудын түүхтэй холбоотой ховор сонин зураг, баримт судалгааг нийтэлдэг аж. Харин Завхан судлал III боть нь хэвлэгдсэн даруйдаа эрэлт ихтэй байгаа учраас дахин хэвлэх ажлыг хийж байгаа талаарх мэдээллийг номыг зохиогчид мэдээлэв. Харин дээрх ном нь "Завхан нутгийн домог" нэртэйгээр хэвлэгдсэн бөгөөд Д.Баярсайхан, Б.Галбадрах, Б.Жавхлан нар эмхэтгэж ботийн редактораар Б.Түвшин, О.Сүхбаатар нар ажиллажээ.Домгийг бүтээгч, тээгч нь ард түмэн байдаг. Харин тэрхүү соёлын биет бус үнэт өвийг судлан бүртгэж хэвлэн нийтэлж хойч үедээ дамжуулан хүргэх нь бидний үүрэг юм хэмээн тус номыг бүтээгчид мэдээллээ.

Тус номд Завхан нутгийн зарим нэгэн ховор түүхийг эрж судалж нутгийн иргэдийн аман яриа болон эрдэмтэн судлаач, зохиолчдын бүтээлүүдээс түүвэрлэн авч, гэрэл зургаар баяжуулан эмхэтгэсэн байна. Тухайлбал Завхан аймгийн Сантмаргаз сумын нутагт орших  “Их бага Маргаз уул”-ын домогт ингэж бичжээ. “Алтайн их уулс нэгэн зээгээ алдаж эрэл сурал болж манай нутгийн Бага маргазын орчимд ирээд бага зэрэг маргалдаад нааш явж Их маргазын орчимд ирж бүр их маргалдаад наашаа явж явж Сурагтад ирээд сураг нь гарсан тул эдгээр уулсыг тэгж нэрлэсэн гэдэг. Алдсан зээ уул нь Бор өндөр юм. Отгонтэнгэр хайрхантай адилхан учраас түүний зээ уул гэдэг домогтой. Их маргазын жинс чулуу нь хүн малын мөртэй байдаг. Өмнөх өвөр дороос нь хэзээ нэгэн цагт аварга могой босож гарч ирэхэд Маргазын орой дээрх жинс чулуу могойг дарж алах учиртай гэдэг. Шалны цагаан толгойгоос чихний араар, Идэрийн сээрийн ар хүртэл хоорондоо ойр ойрхон олон газар булуу байдаг. Өндөрхөн газраас харахад давхиад өнгөрсөн морины мөр шиг харагддаг. Үүнийг Сартагтай баатрын явсан мөр гэдэг” хэмээн домогт өгүүлсэн байдаг ажээ.

 

相关新闻