Монголын баг 2 жилд хэрхэн чадваржсаныг харуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн үндэсний шигшээ баг өчигдөр /10.09.2019/ “Сайтама 2002” цэнгэлдэх хүрээлэнд тогтолтын өмнөх бэлтгэлээ хийсэн байна.
Тус бэлтгэлийн өмнө хийсэн хэвлэлийн бага хурлын талаар /сэтгүүлч Э.Гуамарал “Таван цагариг”/ сонирхуулъя.
Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс: “Миний амьдрал Япон оронтой салшгүй холбоотой. Энэ оронд, тэр дундаа хөлбөмбөгийн салбарт ажиллаж байсны хувьд, Японы шигшээ баг болон тэдний тоглолтын ур чадварын талаар маш сайн мэднэ. Түүнчлэн тоглолтын арга барил талаас нь нэлээд судалгаа хийсний үндсэн дээр маргааш тоглох гарааны бүрэлдэхүүнээ сонгосон. Манай багийн бүрэлдэхүүнд олон улсын тэмцээнд урьд өмнө нь тоглолт хийж байгаагүй, шинэ залуу тамирчид олон бий. Хамгийн чухал нь энэ тоглолтоос туршлага хуримтлуулах, мөн өөрсдийн сүүлийн хоёр жилийн хугацаанд хэрхэн сайжирсныг харуулахыг хүсэж байна. Үр дүн тийм чухал биш. Гэхдээ бид тийм ч амархан бууж өгмөөргүй байна. Оноо салгахын төлөө бүхий л нөөц бололцоо, хүч чадлаа дайчилна” хэмээн ярьжээ.
Өнөөдөр 18 цаг 35 минутаас Японы
“Сайтама” цэнгэлдэх хүрээлэнд “Катар 2022” хөлбөмбөгийн дэлхийн аваргын
тэмцээний урьдчилсан шатны тоглолт эхэлнэ. Энэ тоглолтод Япон, Монголын шигшээ
багууд өрсөлдөх юм.
Тэмцээний өмнөх хэвлэлийн бага хурал дээр Японы шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Хажимэ Мориясү: “Урьд өмнөх тоглолтуудтай ижил гурван оноо авахын төлөө тоглоно. Монголын багийн гол онцлог гэвэл биеийн хөгжил сайтай. Мьянмарын шигшээ багаас илүү хатуу ширүүн тоглолттой баг юм гэсэн сэтгэгдэл төрсөн. Европт тоглодог манай тоглогчид оройтож ирсэн тул хамтдаа бэлтгэл хийх цаг бага байлаа. Монголчууд хамгаалалтдаа анхаараад, жигүүрээр сөрөг довтлох байх. Харин манай баг бөмбөг алдаад шууд хамгаалалтад шилжиж эрсдэл гаргахгүй тоглоно. Бидний хувьд, маш олон янзын тактик, хувилбар ашиглаж, хамгаалалтыг нь сэтлэх явдал чухал” хэмээн онцолсон байна.
“Сайтама 2002“ цэнгэлдэх нь 2001 онд анх нээгдсэн бөгөөд 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ-д зориулан барьсан билээ. Уг цэнгэлдэхэд 2002 оны ДАШТ-ний хэсгийн гурван тоглолт болсон. Тухайлбал, Япон-Бельги 2:2, Англи-Швед 1:1 гэсэн хөлбөмбөг сонирхогчдын сэтгэлд хоногшсон тоглолтууд явагдсан түүхтэй. Мөн уг тэмцээнд дэлхийн аварга болсон Бразилын шигшээ баг хагас шигшээд Туркийн шигшээг 1:0-ээр хожсон гайхамшигт тоглолт болж байв.
Тус хөлбөмбөгийн талбай нь 105м х68 м
харьцаатай цэвэр байгалийн зүлэг ургуулсан аж. Харин манай хөлбөмбөгчдийн хувьд хиймэл
зүлгэн дээр лигийн болон цомын тоглолтоо хийж дадсан учраас нэлээд хүндрэлтэй
байх нь мэдээж юм.