Залуу шатарчин Б.Алтантуяа, Ү.Арьбилэг нар анх удаа Улсын аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-01 15:19:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо есдүгээр сарын 20-29-нд шатрын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 59 дэх, эмэгтэйчүүдийн 51 дэх удаагийн УАШТ болж 2019 оны шилдгүүд тодорлоо.


Энэ удаагийн тэмцээн Хөвсгөл аймгаас УИХ-д сонгогдсон Л.Мөнхбаатарын ивээл дор зохион байгуулсан бөгөөд Улсын аваргаар шинэ залуу мастерууд тодорсон гэдгээрээ онцлогтой байв. Энэ жил Их мастерууд эрэгтэй, эмэгтэй төрөл тус бүрд бүдэрч, насанд хүрэгчдийн УАШТ-д залуу тамирчид анх удаа түрүүлэв.


Эмэгтэйчүүдийн төрөлд Болдбаатарын Алтантуяа (дэлхийн шатрын холбооны мастер, “Дагшаахүү” клуб) тэргүүлсэн бол Дэд байрт ОУИМ, гавьяат тамирчин Батхуягийн Мөнгөнтуул (“Алдар” спорт хороо), Гуравдугаар байрт ОУИМ Алтан-Өлзийн Энхтуул (“Элит Брайн” клуб, ДЦ-ийн 805-р анги) шалгарчээ. Мөн 4-р байрт Энхсайхан Хулан (дэлхийн шатрын холбооны мастер, МУБИС, ХЦ-ын 0131-р анги), 5-р байрт Наранбаатар Наран-Эрдэнэ (дэлхийн шатрын холбооны дэд мастер) тус тус шалгарсан байна.


Эрэгтэй шатарчдаас Үүрцайх Арьбилэг (спортын мастер, “Хан-Алтай” клуб) тэргүүн байр эзэлж, Монгол Улсын аварга болов. Харин 2-р байрт Сугарын Ган-Эрдэнэ (спортын мастер, Оюунлаг сургууль), 3-р байрт Баярсайхан Гүндаваа (их мастер, “Гэгээн арвай” клуб), 4-р байрт Цэгмид Батчулуун (МУГТ, их мастер Алдар спорт хороо, “Чингис” клуб), 5-р байрт Сумъяа Билгүүн (Сүлд спорт хороо, “Чингис” клуб) нар тус тус шалгарлаа.

相关新闻