Хонгорын хүүхдүүд орон нутагтаа оюун ухааны спортоор хичээллэх боломж бүрдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Дэлхий нийт дипломыг биш чадварыг хардаг болсон энэ цаг үед бид ирээдүй үеэ дүүрэн тэмүүлэлтэй, хөрвөх чадвартай, оюуны өндөр чадамжтайгаар хөгжүүлэх нь зөв юм. Монгол хүнийг Оюу толгой биш Оюунлаг толгой хөгжүүлнэ" гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын оюун ухааны академийн Баянхонгор аймаг дахь салбарын нээлтэд оролцох үеэрээ онцлов.
Тодруулбал, УИХ-ын дарга өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллах үеэрээ тус салбарын нээлтэд оролцсон юм. Мөн үйл ажиллагаанд Монголын Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Монгол Улсын Гавьяат багш, МОУА-ийн салбарын захирал Ш.Чимгээ нар болон хонгор нутгийн хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхийн төлөөллүүд оролцлоо.
УИХ-ын даргын дэмжлэгээр хонгор нутагт нээж буй тус салбар нь Монгол Улсын Гавьяат багш Ш.Чимгээгийн үүсгэн байгуулсан Олон улсын сургуулийн дэргэд үйл ажиллагаа явуулна. Салбарын нээлтийн хүрээнд Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар "Тархиа үр дүнтэй ашиглах нь" есөн удаагийн лекцээр 4000 гаруй хүнтэй мэдлэгээ хуваалцжээ.
Тус академийг 2010 онд үүсгэн байгуулснаас хойш оюуны хөгжлийн олон талт сургалт судалгааг явуулж, хүүхэд залуусын оюуны чадвар бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж сурах арга барилыг эзэмшүүлж байгаа аж. Оюун ухааны академи нь мөн хугацаанд дотооддоо оюуны спортын 96 тэмцээн уралдааныг зохион байгуулж, давхардсан тоогоор 2-73 насны 13 мянган хүнийг хамруулсан байна. Мөн Герман, Швед, Энэтхэг, Япон Солонгос зэрэг олон орон нийтдээ 54 оюуны спортын тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулж, олон улсын тэмцээнээс 79 цом, 937 медаль хүртжээ.
Ташрамд, Оюуны ухааны академи нь Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь аймагт салбараа нээсэн бол энэ удаад УИХ-ын дарга Г.Занданшатарын дэмжлэгээр Баянхонгор аймагт ийнхүү албан ёсоор нээлээ.
Оюуны спортын 54 дээд амжилт бүртгэгдсэнээс одоогийн байдлаар 30-ыг монгол тамирчид эзэмшиж байна. Монгол хүний оюуны чадамж ямар өндөр болохыг тив дэлхийд харуулсан энэхүү буухиаг Баянхонгор аймгийн хүүхэд залуус үргэлжлүүлэх боломж Хонгор нутгийнханд ийн нээлттэй боллоо.