Эрүүгийн хэргийн улмаас насанд хүрсэн 150 хүн, 12 хүүхэд хохирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-30 20:06:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны гуравдугаар улиралд 154 эрүүгийн хэрэг хүлээн авснаас зургаан хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн байцаалтад буцааж, 143 хэргийг шийдвэрлэжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 10 хэргээр буюу 7,5 хувиар өссөн үзүүлэлт аж.

Шийдвэрлэсэн хэргийг төрлөөр нь авч үзвэл хүнийг алах гэмт хэрэг гурав, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах гэмт хэрэг нэг, бусдын эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулсан гурав, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан 60 хэрэг байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нэг, хүчиндэх гурав, хулгайлах 20, дээрэмдэх нэг, захиалах найм, мал хулгайлах тав, улсын хилээр хууль бусаар бараа нэвтрүүлэх нэг, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг найм, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 18, эрүүгийн хуулийн бусад зүйлээр 12 эрүүгийн хэргийг тус тус шийдвэрлэжээ. Ял шийтгүүлсэн 142 хүний 12 нь 18-21 насны, 56 нь 22-29 насны, 32 нь 30-34 насны, 42 нь 35-аас дээш насны хүмүүс юм.

Шүүхээс 35 хүнийг хорих ялаар, 90 хүнийг торгуулийн ялаар, 17 хүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, 24 хүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзжээ. Оногдуулсан торгуулийн нийт хэмжээ 58,6 сая төгрөг байна.

Дээрх шийдвэрлэгдсэн 143 эрүүгийн хэргийн улмаас 102 эрэгтэй, 48 эмэгтэй, 12 насанд хүрээгүй хүүхэд, 10 төрийн байгууллага хохирч, долоон хүн нас баржээ. Мөн 72 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 11 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 15 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирчээ. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ 294,1 сая төгрөг байна.

Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь тухайн хугацаанд зөрчлийн 222 хэргийг хүлээн авснаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 54, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 135, хулгайлах зөрчил гаргасан 22, хүний биед хохирол учруулахгүйгээр зодсон нэг, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил гаргасан нэг, танхайрах зөрчил гаргасан нэг, нийт 215 зөрчлийг шийдвэрлэжээ. Үүнээс эрх бүхий албан тушаалтны шийтгэлийг хэвээр үлдээсэн долоо, эрх бүхий албан тушаалтны шийтгэлийг өөрчилсөн хоёр, нэмэлт ажиллагаа хийлгэхээр цагдаагийн газарт буцаасан зөрчил нэг байна.

Зөрчлийн хэргийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 41 хэргээр буюу 22,6 хувиар өссөн ажээ.

相关新闻