Алтанбулаг олон улсын авто замын боомтыг орчин үеийн стандартаар шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-09-27 17:19:21

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Гаалийн шинэчлэл"-ийн хүрээнд хойд хилийн Алтанбулаг боомтын авто зам, зогсоолын барилга угсралтын ажлын шав тавих ёслолын үйл ажиллагаа энэ сарын 26-ны өдөр боллоо. Энэхүү ажил эхэлснээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь олон улсын авто замын боомт орчин үеийн стандартад нийцэх юм.

Энэхүү Алтанбулаг боомтыг шинэчлэх бүтээн байгуулалтын ажлыг хоёр үе шаттай явуулах аж. Тус ажлын эхнийх нь тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1.7 км урттай авто зам, авто зогсоол барьж байгуулах ажлаар эхэлж байна. Эл шинэчлэлийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 13.6 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн таван барилга, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6000 ам.метр ногоон байгууламж, тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1.7 км урттай авто зам, 7.000 м.кв авто зогсоол, 30000 м.кв зам талбай барих ажээ. Мөн улсын төсвийн хөрөнгөөр шуурхай удирдлагын төвтэй холбогдсон орчин үеийн теле хяналтын систем бүхий тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд болон өндөр хүчин чадлын рентген, тоног төхөөрөмжүүд суурилагдах гэнэ. Сэлэнгэ аймаг дахь хилийн боомтуудаар зорчиж буй нийт зорчигчийн 14.5 хувь, тээврийн хэрэгслийн 16 хувь нь Алтанбулаг боомтоор нэвтэрдэг аж. Иймээс тус боомтын барилга байгууламж, дэд бүтэц нь өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангахгүй, ачааллаа дийлэхгүйгээс зорчигч, ачаа тээвэр хилээр нэвтрэхэд олон төрлийн хүндрэл гардаг хэмээн боомтын удирдлагууд хэлэв.

Энэхүү шинэчлэлийг хийснээр Алтанбулаг боомтоор нэвтрэх зорчигчийн тоо одоогийнхоос гурав дахин, ачааны болон суудлын тээврийн хэрэгслийн тоо тус бүр дөрөв дахин нэмэгдэнэ хэмээн тооцоолж байгаа аж. Харин боомтын шинэчлэлийн хоёр дахь үе шат болох барилга байгууламжийн өргөтгөл шинэчлэл, инженерийн шугам сүлжээ барьж байгуулах ажлыг 2020 оны эхний улиралд эхлүүлж, 2021 онд бүрэн хийж дуусах юм байна. 

相关新闻