Сарьдагийн хийдийг анх байгуулсан хэв маягаар үзүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс санаачлан Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон Сарьдагийн хийдийг анх байгуулсан хэв маягаар “Монголын Үндэсний музейд маргааш олон нийтэд дэлгэн үзүүлнэ.
Үүнтэй холбогдуулан ШУА-ийн Түүх, угсаатны
зүйн хүрээлэн, Монголын үндэсний музей хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн
захирал, академич С.Чулуунаар ахлуулсан эрдэмтэн судлаачдын Үндэсний шинжилгээний
баг 2013-2018 онд Өндөр гэгээн Занабазарын байгуулсан Сарьдагийн хийдэд хээрийн
малтлага судалгаа хийжээ.
Судалгааны үр дүнд Сарьдагийн хийдийн гол
цогчин дуганы хоймор хэсгээс язгуурын таван бурхан 3000 орчим, шавраар урласан
том хэмжээний бурхан 10, үлэмж хэмжээтэй бурхдын хэсэг, шавар сац, сүншигийн эд
зүйлс гэх мэт олон олдвор илрүүлсэн байна. Эдгээр олдворыг тоолж бүртгэн,
сэргээн засварлан Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийнхээ сан хөмрөгт шилжүүлжээ.
Тус хүрээлэнгийн судлаачдын баг Өндөр гэгээний Сарьдагийн хийдэд хийсэн зургаан
жилийн малтлага судалгааны ажлаа олон түмэндээ энэхүү цогц үзэсгэлэнгээр
тайлагнаж буй юм.
Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн музей,
лабораторид 2014-2015 онд илэрсэн шашин шүтлэгийн холбоотой 10 гаруй
төрлийн 1000 орчим олдворыг сэргээх бэхжүүлэх ажлыг хийж музейн үзмэр болгон
олон нийтэд үзүүлэхэд бэлэн болжээ. Богд хааны ордон музейн сан хөмрөгөөс
алдарт Ногоон дара эх 300 жилийн тэртээд хамт байсан язгуурын 1000 бурхадтайгаа
нэгэн дор чуулах гэж байна. Мөн Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалж
буй Өндөр гэгээний холбоотой дурсгалуудыг үзэсгэлэнд дэлгэн сонирхуулах
төдийгүй Европд хэрэглэж байсан нарны цаг, оросын буу, Энэтхэгт оршиж байсан
Моголын эзэнт улсын худалдааны зоос, Балба зоос, Мин улсын язгууртны шаазан
эдлэлийг дэлгэн үзүүлэх юм.
Монголын үндэсний музейн их танхимд Сарьдагийн
хийдийн гол сүмийн тухайн цаг үеийн байдлыг багасган бариулжээ. Гурван цагийн
бурхан, Бурхан багшийн хоёр шавь Шаарийбуу, Монголжийбуу болон Бодьсадва нар,
тахилын ширээ, багана зэргийг анх байсан хэв маягаар нь зохиомжилж шинэ
цагийнханд XVII зууны Монгол сүм хийдийг үзүүлэхээр зэхжээ.
Үзэсгэлэнгийн танхимд Гол сүмийн хойморийн
тасалгаанаас малтлагаар илрүүлсэн олдворуудын хэсэг болон Өндөр гэгээн
Занабазарын хосгүй үнэт Ногоон Дара эхийг байрлуулна.
Үзэсгэлэнгийн үеэр хийдийн загвар макет,
сэргээсэн зураг, дэвсгэр зураг, танилцуулга, Өндөр гэгээний он цагийн дарааллыг
харуулах юм. Мөн Сарьдагийн хийдийн бүтээн байгуулалтыг харуулсан 3D анимэйшн,
малтлага судалгааг харуулсан баримтат кино, зураг дүрсний слайд шоуг үзүүлнэ.
Түүнчлэн баримтат кино, холограм зураг үзүүлэх зэрэг технологийн дэвшлийг ашиглахаас
гадна Сарьдагийн хийдийн олдворуудыг бүрэн хамруулсан эрдэм шинжилгээ
судалгааны каталогийг танилцуулахаар бэлэн болгожээ. Мөн олон нийтэд зориулж
“Өндөр гэгээн болон түүний өв” сэдэвт цуврал лекцийг эрдэмтэн судлаачид унших,
хүүхэд багачууд үзэгчдэд зориулсан шашны урлагийн боловсролын хөтөлбөрийг
хуваарийн дагуу явуулах юм.
Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар
ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн, хамтран зохион байгуулагчаар Монголын
Үндэсний музей, Богд хааны ордон музей ажиллаж байна.
