“Говь” компани Дорноговиос ноолуур худалдан авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-10 17:33:03

Дөрөвдүгээр сараас эхлэн “Говь” компани Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын малчдаас ноолуур худалдан авч эхэллээ. Орон нутгаас мэргэжлийн байгууллагуудтай хамтран  “Дэлгэрэхийн улаан ямаа” гэх ноолуурын гарц, ашиг шим сайтай омгийг бий болгохын төлөө  сүүлийн таван жил хичээж ажилласан нь үр дүнгээ өгч эдүгээ омгоор баталгаажуулах шатандаа хүрээд байна.

Тус компанийн  мэргэжилтнүүд  2015 оны намар Дэлгэрэх суманд очиж  улаан ямааны ноолуур, өнгө, гарцыг судалж чанар сайтай болохыг нь баталсан тул энэ жил компанийн Ерөнхий менежер Д.Наранцэцэг тэргүүтэй хүмүүс ирж нутгийн малчдаас нэг кг ноолуурыг газар дээр нь 59.500 төгрөгөөр худалдан авч буй. Дэлгэрэх сум 63 мянган толгой ямаатай.

Үүний 20 орчим мянга нь улаан ямааны шилмэл сүрэг байдаг бөгөөд дунджаар нэг ямаанаас 300 гр ноолуур самная гэж үзэхэд 6.5 тонн орчим сайн чанарын  ноолуур нутгийн малчид нийлүүлэх боломжтой аж.

 Улаан ямаа нь амьдын жингээр бусад үүлдэр омгийн ямаанаас илүү, ноолуур нь 13-15 микронтой жигд урт, өвөрмөц популяци юм.  Эдийн засаг хүндэрч, орлого багасаж иргэд гар дээрээ бэлэн мөнгөгүй болсон энэ үед ноолуураа сумынхаа төв дээр боломжийн үнээр борлуулж байгаа говийн малчид сэтгэл хангалуун байна.   

Х.Эрдэнэбулган

相关新闻