"Монголын эзэнт гүрний бүрэн түүх" таван боть хэвлэгдэн гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Монголын эзэнт гүрний салбарын судлаач, түүхчдийн 10 гаруй жилийн турш нэмж засварлаж, шинээр бичсэн "Монголын эзэнт гүрний бүрэн түүх" 5 боть ном хэвлэгдэн гарлаа.
“Монголын эзэнт улсын түүх” цувралын тэргүүн боть “Их Монгол улс” бүтээлийг академич Ж.Болдбаатар, доктор Ц.Цэрэндорж, доктор, профессор С.Цолмон, доктор А.Пунсаг, доктор Ц.Энхчимэг нар хамтран бичсэн байна. “Монголын эзэнт улсын түүх” цувралын гуравдугаар ботийн “Монголын Алтан Ордны улс” зохиолыг доктор С.Цолмон, дөрөвдүгээр ботийн “Монголын Цагадайн улс” зохиолыг доктор Ц.Энхчимэг, тавдугаар ботийн “Монголын Ил хант улс” зохиолыг доктор Л.Ганбат, А.Энхбат нар бичжээ. Эдгээр боть нь Монголын эзэнт гүрэн нь дэлхийн хуурай газрын тэн хагасаас илүүг эрхшээлдээ оруулж 200 гаруй жил оршин тогтнохдоо өрнө, дорнын олон орны эдийн засаг, соёлын солилцооны нэгдэлд тулгуурласан хөгжлийн шинэ эринийг нээж өгснийг онцолсон бүтээл юм. Мөн 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс “Их Монгол улс”, “Монголын Юань улс”, “Монголын Алтан ордны улс”, “Монголын Цагадайн улс”, “Монголын Эл хаант улс” хэмээх таван дэвтэр бүтээлийг баяжуулснаараа ч онцлогтой болсон гэж номын зохиогчид үзэж байна.