Аймгийн удирдлагууд багийн эмч нарын санал хүсэлтийг сонслоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-09-17 16:50:03
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн “Эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах” төсөлтэй хамтран “Инээмсэглэл-Эерэг хандлага” багийн эмчийн зөвлөгөөн, тойрон сургалт зохион байгуулж байна.
Зөвлөгөөн есдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Алтай хотноо болж буй бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд тус аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж, орлогч дарга Д.Даваадорж нар оролцож, багийн эмч нарын санал, хүсэлт, тулгамдаж байгаа асуудал түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа. 
Мөн энэ үеэр багийн эмчээр тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа Баян-Уул сумын сум дундын эмнэлгийн Алтангадас багийн эмч Д.Нансалмаа, Баянтоорой тосгоны Гэгээт багийн эмч Ж.Болормаа нарыг аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, мөнгөн шагналаар, Цогт сумын Баян-Өндөр багийн эмч Ж.Батсайханыг аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагналаа. 
Зөвлөгөөн багийн эмчийн төлөвлөлт, тайлагналт, Эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад багийн эмчийн оролцоо, урьдчилан сэргийлэх болон идэвхтэй хяналтад багийн эмчийн оролцоо, яаралтай болон гэмтлийн үеийн тусламж сэдвийн хүрээнд өртөөчилсөн сургалтаар үргэлжилж байна.

相关新闻