Шинэ хуулийн үр дүнд зарим сайд давхар дээлээ тайлна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-04-08 13:18:22

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төсөлд "Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, Сангийн сайд, Гадаад хэргийн сайд УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг хавсарч болно. Энэ тохиолдолд гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгална. Бусад тохиолдолд Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэхийг хориглоно" хэмээн тусгасан.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хуулийн төслөөс нааштай үр дүн харагдахгүй байна гээд Үндсэн хуулийн дордсон 7 өөрчлөлтийн нэгийг эргэж харахад хангалттай гэсэн байр суурьтай байв. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, "Үүнтэй адил хуулийн төслийг хэлэлцэлгүй удаж байна. Агуулга нь адил хуулийн төсөл байсан. Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн болохоор хэлэлцэж байна уу. 2004 онд үүнтэй адил хууль баталж байсан. Гэтэл дараагийн Засгийн газар уг хуулийг хүчингүй болгож байсан. Асуудал давтагдах юм биш үү" гэсэн асуудлыг тодруулахад Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, "Хуулийн төслийн 2 дугаар зүйлд энэ хуулийг УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд Ерөнхий сайд шинээр томилогдсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан" гэсэн тайлбар өгөв.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, "Өнгөрсөн хугацаанд 2-3 удаагийн Засгийн газар бүрдэж байхад яагаад хуулиа өргөн барьж болоогүй юм бэ. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахад 3-4 сар дутуу байна. Яагаад өмнө нь хуулийн төслийг ярьж болоогүй юм бэ" гэхэд Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, "Ерөнхийлөгч давхар дээлгүй байх тухайд хатуу байр суурьтай байж ирсэн. Шаардлагатай тохиолдолд өмнө нь энэ талаар гаргаж байсан байр суурийг нь гаргаж өгч болно" хэмээв.

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд УИХ-ын гишүүний албыг давхар хашдаг байх ёстой хэмээн үзэж байна. Үүнтэй адил саналыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол гаргасан юм. Тэрбээр байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарыг үндсэн чиг үүргийн яаманд багтаах шаардлагатай. Өөрөөр хэлбэл салбарын сайд нь УИХ-ын гишүүн байх ёстой. Ингэснээр Ерөнхий сайд болон 4 сайд давхар дээлтэй байх боломжтой хэмээн үзэж байгаагаа хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Болд хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд хоёр төрлийн Засгийн газрын гишүүн байх юм шиг, тэдгээр нь илүү дутуу эрхтэй юм шиг, сайн муу салбар гэж ангилмаар юм шиг нөхцөл байдал үүсгэж болохгүй гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан нэг заалттай хуулийн төсөл төрийн шинэчлэл болж чадахгүй хэмээлээ. Гишүүд ийн асуулт асууж, үг хэлсний дараа "Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй" гэсэн асуулгаар санал хураалт явуулахад 77.8 хувийн санал авсан тул дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

Б.Туул

相关新闻