Зүүнхараа өртөө түүхт 70 жилийн ойгоо тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-09-09 10:57:39

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Зүүнхараа өртөө хэсгийн хэмжээнд түүхт 70 жилийн ойгоо угтаж 922 вагон, 45022 ачаа ачиж, 149050 зорчигч тээвэрлэж, 642531 мянган төгрөгийн тээврийн орлого оруулж, 145984 сая төгрөгийн ашигтай ажиллажээ.

Түүхт 70 жилийн ёслолын үйл ажиллагаанд УБТЗ-ын ерөнхий инженер Мецеряков Александр Романович, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин, УБТЗ-ын даргын зөвлөх Р.Раш, Монгол Улсын хөдөлмөрийн баатар гавьяат тээвэрчин Н.Ширнэндугар, тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын төлөөлөгч Ц.Мягмарсүрэн, Ч.Машбат болон бусад холбогдох албаны хүмүүс ирж баяр хүргэн, нээлтийн үг хэллээ.   

70 жилийн түүхэн ойгоо тэмдэглэж буй өртөө нь хүлээн авч явуулах долоон зам, 13 салбар замтай төдийгүй, хагас автомат хориглолын системээс өртөө хоорондын хориглолд шилжиж бүгд орчин үеийн технологийн дэвшлийг нэвтрүүлж чаджээ. Сүүлийн 3 жилд хэсгийн өртөөний хэмжээнд ачаа урсгал эрс нэмэгдэж өртөөний хүчин чадлыг бүрэн ашиглаж өртөөн дээр хоногт 400 вагон боловсруулж, 13 салбар замд ачилт буулгалтын вагонуудыг тавьж өгч, татаж авах үйлчилгээг явуулсан байна.

2012 онд өртөөний хашааг блокон хашаагаар шинэчлэн сольсон. Мөн “Сентера гоулд” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар хонгилон гарц хийж ашиглалтад оруулснаар иргэдийн аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг найдвартай ханган ажилласан аж. 2016 онд Өртөө зөрлөгүүдийн гэрэлтүүлгийг сайжруулсан. Зүүнхараа өртөөний зам паркт 9 ширхэг цамхагт гэрэл хийснээр аюулгүй, гэрэлтэй ажиллах боломж бүрэн нээгджээ. 2017 онд өртөөний зөрлөгийг бүрэн камержуулсан бөгөөд зангилааны төмөр замчдын нийгмийн асуудлыг судалж 40 айлын орон сууц барьж ашиглалтад оруулжээ. Зүүнхараа хэсгийн хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 1 тэрбум 100 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн тухай УБТЗ-ын Зүүнхараа өртөөний дарга Ц.Алтанхуяг хэллээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум Зүүнхараа өртөөг төмөр зам, бүтээн байгуулалт, вагон дипогүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Өнгөрсөн 70 жил бол энэ сум орон нутгийн хувьд хөгжил дэвшлийн түүчээ байсан гэдгийг сумын Засаг дарга Н.Лхагвадорж онцоллоо. Ийнхүү УБТЗ-ын Зүүнхараа өртөө түүхт 70 жилийнхээ ойгоор үе үеийн төлөөлөл, их ажлыг гүйцэтгэж гавьяаныхаа амралтад гарсан буурлууд, ирээдүйд ихийг хийж бүтээх залуусдаа ойн баярын хүндэт шагналуудаа гардууллаа.

УБТЗ-ын шагнал Төмөр замчны алдар цол тэмдгээр вагон үзэгч Ч.Олзбаатар, төмөр замын найруулагч Д.Баатар нарыг, УБТЗ-ын шагнал тэргүүний Төмөр замчин цол тэмдгээр ахлах үзэгч П.Отгонтөгс, вагон үзэгч Х.Мөнхбат нарыг, УБТЗ-ын шагнал онц хөдөлгөөнчин цол тэмдгээр ахлах үзэгч Б.Төмөрсүх, вагон үзэгч Ж.Сүрэнхорлоо, вагон үзэгч өндөр настан М.Гэрэлмаа нарыг, УБТЗ-ын хүндэт үнэмлэхээр ахлах үзэгч О.Батбаяр, вагон үзэгч И.Баярсайхан нарыг шагналаа.

Мөн зам тээврийн яамны шагнал хүндэт төмөр замчнаар өндөр настан М.Ганбаатар, өндөр настан Г.Мөнхцэцэг нарыг Мандал сумын Засаг даргын жуух бичгээр ахлах үзэгч Р.Чимэдмаа, ахлах үзэгч Х.Баттулга, вагон үзэгч Б.Одбаяр нарыг шагнаж урамшууллаа. Харин залуучуудын холбооны шагналаар вагон үзэгч Э.Энхжаргалыг тэргүүний залуу алтан медалиар шагнасан бол вагон үзэгч Т.Шижирбаатар, Э.Баярсайхан нарыг Хөдөлмөрийн алдар медалиар тус тус шагналаа.

 

相关新闻