Малчид хүүхдээ 6 настайд нь сургуульд оруулахгүй байж болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газараас өргөн мэдүүлсэн Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцүүлгийн эхэнд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцуулсан юм. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж гишүүд зарим асуудлыг тодрууллаа. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, "Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүдийн 35 хувь нь цэцэрлэгт явдаг. Хамрагдсан хүүхдүүд хэт ачаалласан, анги дүүргэлт ихтэй ангид явж байна. Багш нарынх нь ачаалал 3 дахин их, илүү цагаар ажиллаж байгаа. Иймд бүх хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг хэзээ шийдэх вэ. Хүүхдийн асуудалд анхаарья гэвэл цэцэрлэгийн наснаас нь анхаарах ёстой юм биш үү. Мөн туслах багш болон тогооч нарын цалин нэмэх асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Түүнчлэн цэцэрлэгийн эрхлэгч нарыг 5 жил тутам сольж байх нийслэлийн шийдвэр зөв үү. Хариуцлагагүй ажилласан хүнийг нэг жил ажилласан ч халж болно. Гэтэл 5 жил гэж заахаар сүүлийн нэг жилдээ ажиллах идэвх санаачилга нь буурдаг тал байх шиг байна" гэсэн асуудлыг тодруулсан.
УИХ-ын гишүүн Д.Батцогт салбар хариуцсан байнгын хорооны хувиар, “Цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийн талаарх таны саналтай санал нэг байна. Энэ талаар хөтөлбөр боловсруулж, хүүхдүүдийг нийтээр нь цэцэрлэгт хамруулахад анхаарах нь зөв. Гэхдээ хуулинд энэ асуудал тусгагдаагүй. Малчид энэ асуудал их эмзэглэдэг учир нэг зохицуулалт хийж өгсөн. Малчин хүн энэ жил хүүхдээ сургуульд оруулах боломжгүй гэвэл эцэг эхэд нь сонголтыг нь үлдээхээр болж байгаа. Ер нь зургаан настай хүүхдийг сургадаг тогтолцооноос бол ухрахгүй" гэсэн бол УИХ-ын гишүүн А.Бакей, "Сургуулийн зөвлөл гэж сургууль бүрд бий. Зөвлөлд эцэг эхчүүдийн төлөөлөл орсон. Сургуульд оруулах боломжгүйгээ эцэг эх нь мэдэгдсэн тохиолдолд зөвлөлөөр дамжуулж сургуулийн захиргаа шийднэ" гэсэн тайлбарыг өглөө.
Харин салбарын сайд Л.Гантөмөр, "Цэцэрлэгийн хангамжийн хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарсаны үр дүнд 2015-2016 оны хичээлийн жилд 117 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулсан. Ингэснээр нийт хүүхдүүдийн 85 хувийг цэцэрлэгт хамруулаад байна. Улаанбаатар хотын цэцэрлэгийн эрхлэгчийг 5 жил тутамд солих шийдвэрийг яам мэдэж байгаа. Хотоос гаргасан санаачилга бол цэцэрлэгийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн шийдэл гэж ойлгож байгаа. Цаашид цэцэрлэг сургуулийн эрхлэгчид тавих шаардлагыг их тодорхой болгоно" гэв.
Малчид 6 настай хүүхдээ сургуульд оруулах эсэхээ өөрсдөө шийддэг байх сонголтод УИХ-ын гишүүн Ж.Батсуурь эсрэг байр суурьтай байв. Тэрбээр 5 настайд нь биш, 7 настайд нь биш зөвхөн 6 настайд нь хүүхдийг сургуульд оруулдаг хэрэгтэй. Насны ялгаа хүүхдэд өөрт нь болоод анги дотор үл ойлголцол үүсгэнэ хэмээн үзэж байгаагаа хэллээ.
Энэ асуудалд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, "Ж.Батсуурь гишүүний саналтай санал нэг байна. Гэхдээ нүүдлийн соёл иргэншил эрхэлж буй иргэдэд боломж олгоё л гэж байгаа юм. Малчдад 7 настайд нь хүүхдээ сургуульд оруулж болох юм байна гэсэн хатуу ойлголт өгч болохгүй. Тэгвэл хүүхдээ сургуульд өгөхгүй. Тиймээс сургуулийн зөвлөлд хандаж, ямар гачигдал байгаагаа тайлагнаж байж чөлөө авдаг байхаар шийдсэн юм" гэв. УИХ-ын гишүүн А.Бакей, "Шилжилтийн үед малчин эцэг эхчүүдэд боломж олгоё л гэж байгаа юм. Орчин нөхцөл бүрдсэн тохиолдолд хүүхэд нэг бүрийг 6 настайд нь сургуульд оруулдаг болно" гэлээ. Ингээд уг асуудлаар санал хураалт явуулах болоход ирц хүрэхээргүй байсан тул хэлэлцүүлгийг маргааш үргэлжлүүлэхээр болж, чуулганы өнөөдрийн хуралдааныг өндөрлүүлэв.
Б.Туул