Хууль хяналтын байгууллагын ажлын хэсгийн шалгалт үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/270 тоот захирамжийн дагуу байгуулсан хууль
хяналтын байгууллагын ажлын хэсгийн шалгалт үргэлжилж байна. Энэхүү шалгалтын хүрээнд хууль бус олборлолтод өртөж эвдэрсэн газрын
хэмжээ, хил заагийг хиймэл дагуулын мэдээ ашиглан шүүлт хийх, эзэн
холбогдогчийг тогтоох, нөхөн сэргээлт хийлгэх,
эрчимжүүлэх ажлыг давхар хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.
Хяналт шалгалтаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “35-ын ам” гэдэг газарт бичиг баримтын бүрдүүлэлт дутуу, техникийн хүчин чадлыг хэтрүүлэн үйл ажиллагаа эхлүүлсэн нөхөрлөлийн DISD SD 300 маркийн хоёр ширхэг ковш, нэг ширхэг ЗИЛ-131 машин, портер машин, “Толгойт” гэдэг газраас гурван ширхэг угаах төхөөрөмж албадан буулгажээ.
Дээрх зүйлсийг Бугант тосгоны захирагчийн албаны ажлын хэсэгт хүлээлгэн өгч, нөхөн сэргээлтийн ажлыг хийх үүрэг чиглэл өгсөн байна. Мөн хууль бус олборлолтын үйл ажиллагаанд ашигласан экскаватор, гитаран буу гэх бага
оврын угаах төхөөрөмжүүд, скруббер, алт ялгах бункер болон гурван гэрийг дээрх газруудаас тус тус албадан буулгаж түр хураан саатуулаад байгаа аж.