А.В.Александровын нэрэмжит чуулга хүндэтгэлийн тоглолт хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-08-28 13:13:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд, А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын хүндэтгэлийн тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо.

ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хойд Осетын ардын жүжигчин, уран сайхны удирдаач, хурандаа Геннадий Саченкюкээр ахлуулсан 132 хүний бүрэлдэхүүнтэй тоглолтыг нийслэлийн өндөр настнууд, дайнд оролцсон ахмад дайчдад үнэгүй  үзүүлсэн юм. Харин өнөөдөр хоёр дахь тоглолтоо Сүхбаатарын талбайд хийнэ. 

Гурван жилийн өмнө ОХУ-ын "Ту-154" агаарын хөлөг Сири руу нисэж байхдаа халдлагад өртөж, сүйрэхэд дэлхийд алдартай, А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Цэргийн дуу, бүжгийн чуулгын 68 уран бүтээлч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.  Дэлхийн сая, сая шүтэн бишрэгчдэд харуусал үлдээн одсон энэ ослоос хойш тус чуулга баг бүрэлдэхүүнээ залуу уран бүтээлчдээр нөхөж, дэлхийн олон улсад тоглолтоо хийж байна.

Монголд тус чуулгын уран бүтээлчид 1964 онд хүрэлцэн ирэхдээ, Монголын уран бүтээлчдэд дэлхийн сонгодог бүжгийн эргэлт, үсрэлт, бие даасан номерыг заасан. Мөн “Цэргийн нөхөрлөл” бүжгийг монголчуудад зааж өгч байв. 1980-аад онд тус чуулгад 22 жил бүжиглэсэн уран бүтээлч, орос багш Монголд хоёр жил ажиллахдаа цэргийн дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлж, мэргэжлийн өндөр түвшинд хүрэхэд нөлөөлсөн юм.


相关新闻