Ё.Баатарбилэг: 644 мянган хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сургууль, цэцэрлэгийн бүртгэл, элсэлт, их дээд сургуулийн төлбөр, ЕБС-ийн хичээлийн агуулгын талаар БСШУСЯ-наас өнөөдөр мэдээлэл өглөө.
Хэвлэлийн хуралд
БСШУС-ын сайд
Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга
Б.Баярсайхан, БСШУСЯ-ны сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн
Ж.Мягмар, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар оролцов.
БСШУСЯ-ны сайд
Ё.Баатарбилэг хэлэхдээ, “Энэ
хичээлийн жилд үндсэн хэд хэдэн хөтөлбөр, хууль тогтоомж баталсан. Эхний
ээлжинд бид сургалтын хөтөлбөр, агуулгаа шинэчиллээ. Ингэснээр багш нарын
ачаалал буурч, агуулгын давхцал арилна. Мөн багш нар хичээлээ заахад үр дүнтэй,
сурагчид ойлгоход хялбар болж байна. Энэ хичээлийн жилд эцэг, эхчүүдийн оролцоо, үүргийг нэмэхээр
ЕБС-ийн 644 мянган хүүхдийн эцэг
эх,
асран хамгаалагчтай гэрээ байгуулж ажиллана. Хүүхдийнхээ нас, хүйс зан
төлвийг ойлгож бүх талаар туслах, эрүүл мэнд аюулгүй байдалд нь анхаарах,
ном сурах бичгийг нь хангах, хоцрогдолгүй суралцахад нь дэмжлэг үзүүлэх, эцэг
эхийн зөвлөгөөнд заавал оролцох, хүүхдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах,
халдварт өвчний үзлэг оношилгоонд хамруулах гэх мэт заалтыг гэрээнд шинээр
оруулсан” гэдгийг тодотгов.
Мөн тэрбээр “Салбарын яам харьяа
агентлаг, эрдэмтэн судлаачдынхаа оролцоотой хэд хэдэн удаагийн судалгаа, олон
удаагийн хэлэлцүүлгийн үр дүнд сургалтын хөтөлбөрийг сайжруулан баталлаа. Бага
боловсролын бүх судлагдахууны сургалтын хөтөлбөрийн агуулгыг нийт 1242
суралцахуйн зорилтоор тодорхойлж байсан бол сургалтын хөтөлбөрт 755 болж дунджаар
35.5 хувь буурсан байна. Суурь боловсролын хувьд 8.7 хувь, бүрэн боловсролын
хувьд 9.2 хувиар тус тус буурсан. Зөвхөн агуулга төдийгүй зорилго, зорилт,
үнэлгээний арга зүй сайжирлаа. Сургалтын хөтөлбөрүүдийг сайжруулахаас гадна
тэдгээрийн хэрэгжих нөхцөл боломжийг бий
болгох, хэрэгжилтийг дэмжих сургалт семинарыг багш нэг бүрт хүргэж, нэг
гараанаас ижил мэдээлэлтэй эхлүүлэхээр ажиллаж байна” хэмээв.