Япон эмч нар зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг эмчиллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Японы "Зүрх хамгаалах төсөл" ТББ-ын эмч нар зүрхний төрөлхийн гажигтай, зүрх цоорхой өвчтэй хүүхдүүдэд үзлэг оношилгоо хийлээ.
Тэд энэ сарын 9-нөөс 10-нд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд /БОЭТ/ ажиллаж, 200 гаруй хүүхдийг үзэж оношилсон бөгөөд хүнд оноштой 30 хүүхдийг хяналтад авчээ. Гурван сарын дараа Улаанбаатарт ирж, хүнд өвчтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийх гэнэ.
Тус байгууллагынхан 2001 оноос эхлэн 18 жилийн турш Монголд ирж ажиллан хүүхдүүдийн зүрхний өвчнийг үзэж оношлон эмчилгээ, хагалгаа хийж байгаа аж.
УИХ-ын гишүүн, НХХ-ын сайд С.Чинзоригийн хүсэлтээр энэ удаа Өвөрхангай аймагт ирж ажилласан ба эмч нарын нэг доктор Тамура Масамичи хэлэхдээ “11 жилийн өмнө ирж эмчилж байсан 16 хүүхдийн биеийн байдал маш сайн байна. Тэр үеийг бодоход аймгийн эмнэлгийн нөхцөл байдал сайжирч, боловсон хүчин чадваржиж, хүүхдүүдийг заавал Улаанбаатарт хяналтад авах шаардлагагүй, аймагтаа хянаад эмчлээд байх боломжтой болжээ” гэв.
"Зүрх хамгаалах төсөл" ТББ-ын эмч нар хүүхдүүдийг үзэж эмчлэхээс гадна эмч нарыг сургаж чадавхижуулахад ихээхэн анхаарч ажилласан аж. Тухайлбал, БОЭТ-ийн эмч нар зүрхний катетер эмчилгээ, зүрхний нээлттэй мэс засал хийх аргаас суралцжээ.