“Тал нутгийн үзэсгэлэн”-г дэлгэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн зураач, урчуудын уран бүтээлийн “Тал нутгийн өнгө” үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд олны хүртээл болж байна.
Үзэсгэлэнд МУЭ-ийн гишүүн, ахмад зураач Ё.Бадарч, зураач Б.Гантулга, Б.Буд, Я.Адьяа, Ж.Дүүрэнтөгс, Д.Эрдэнэхуяг, Г.Саранчимэг, уран дархан Ш.Даваадорж, Н.Баатарчулуун, залуу зураач СГЗ Ц.Энхтайван, МУЭ-ийн шагналт зураач М.Эрдэнэбаяр, Д.Булгантуяа нарын 40 орчим уран бүтээлчийн бүтээлийг дэлгэжээ. Тал нутгийн өвөрмөц өнгийг харуулсан энэ үзэсгэлэнд уран зургаас гадна уран баримал, ваар урлал, сийлбэр, уран дархан, уран бичлэг, чимэглэх улагийн төрлөөр туурвисан 60 орчим бүтээлийг мөн тавьжээ.
Арьсан урлалаар 30 шахам
жил бүтээл туурвиж буй зураач Г.Саранчимэг “Ертөнц” гэсэн бүтээлээ зээрийн
арьс, хонины сархигнаг, идээлсэн нарийн сур зэргийг оролцуулан Монгол ахуйг дүрслэснээ
танилцуулсан юм. Тэрээр, “Манай аймаг эртнээс зураач, урчууд болон уран
дархчуудаар алдартайг хүн бүр мэднэ. Манай аймгаас Монголын
орчин цагийн дүрслэх урлагийг үндэслэгчдийн нэг, Ардын зураач Д.Амгалангаас
эхлээд УГЗ, уран барималч Д.Дамдимаа, Х.Цэгмэд, зураач Я.Оюунчимэг, Дарьгангын
алдарт уран дархан Балдан-осор, Зундуй нарын нутаг ус, эх орныхоо нэрийг
дуурсгасан олон арван авьяастан төрөн гарсан. Бид тэднийхээ алдар гавьяа, уран
бүтээлийг өвлөх учиртай” хэмээн тэрээр өгүүлсэн юм.
Сүхбаатар аймгийн уран бүтээлчид 2011 онд аймгийнхаа соёл урлагийн өдрүүдээр нийслэлчүүдэд уран бүтээлээ танилцуулж байснаас хойш найман жилийн дараа ийнхүү үзэсгэлэнгээ дэлгэж байна. “Тул нутгийн өнгө” үзэсгэлэн ирэх сарын 6-ныг дуустал нээлттэй байх юм.
Б.Болд
Гэрэл зургийг Н.Батбаяр