Ховд аймагт “Санхүүгийн зах зээл” нээлттэй өдөрлөг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-31 11:39:27

Ховд /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ирж орон нутгийн иргэдэд санхүүгийн зах зээлийн талаар шинэ мэдээлэл хүргэх, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Санхүүгийн зах зээл” сэдэвт нээлттэй өдөрлөг зохион байгуулав

Монгол Улсын хэмжээнд 3000 гаруй банк, санхүүгийн байгууллага тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Харин Ховд аймагт 20 гаруй банк, санхүүгийн байгууллага иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Өдөрлөгт орон нутагт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банк, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага, үнэт цаасны компани, даатгалын компани зэрэг байгууллагууд оролцож бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ  талаар иргэдэд нээлттэй мэдээлэл өгч ажиллалаа. 

"Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр", "Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө", Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр"-ийн  хүрээнд  өдөрлөгийг  зохион байгуулсан гэж албаныхан мэдэгдэв.

Ажлын хэсгийнхэн даатгал, үнэт цаасны зах зээл, мөнгө угаах, терроризмтэй тэмцэх чиглэлээр иргэд, олон нийтэд зориулсан  хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд Ховд аймгийн санхүүгийн салбар байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийв.  

相关新闻