Японы экспортын хязгаарлалтыг шүүмжилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
СӨҮЛ. /Korea Post/. Швейцарын Женев хотноо болсон Дэлхийн худалдааны байгууллагын /ДХБ/ уулзалтын үеэр БНСУ-ын Худалдааны дэд сайд Ким Сён Хо Японы экспортын хязгаарлалтыг “дипломат хариу арга хэмжээ” хэмээн шүүмжилжээ.
ДХБ-ын гишүүд Японы экспортын хязгаарлалтын
талаар хэлэлцсэний дараа Ким Сён Хо сэтгүүлчдэд мэдээлэхдээ, би энэ асуудлаар
хэлэлцээ хийх саналыг Японы өндөр түвшний төлөөлөгчдөд тавьсан гэжээ. Гэсэн
хэдий ч Японы тал хариу өгөөгүй байна.
“Япон улс
гаргасан шийдвэртэйгээ нүүр тулах зориггүй болох нь хэлэлцээ хийхээс
татгалзсанаас харагдаж байна” гэж ДХБ-ын Ерөнхий зөвлөлийн уулзалтад БНСУ-ын
төлөөлөгчдийг ахлан оролцсон Худалдааны дэд сайд хэлжээ.
Японы шийдвэр ДХБ-ын дүрэм журмыг зөрчиж байна гэж БНСУ-ын төлөөлөгч уулзалтын үеэр мэдэгдээд, уг шийдвэр Японы үндэсний аюулгүй байдалд ямар ч хамааралгүй болохыг онцолжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийн тухай шийдвэрийг БНСУ-ын Дээд шүүх өнгөрсөн оны намар гаргасны дараа Токио болон Сөүлийн харилцаа мууджээ.
Япон улс шүүхийн
дээрх шийдвэрийн хариуд стратегийн зориулалттай материалын экспортод
худалдааны хориг тавьсан гэж БНСУ-ын эрх баригчид үзэж байгаа ажээ.
Харин Японы Засгийн газрын зүгээс уг мэдээллийг няцаагаад, эдгээр
асуудал хоорондоо хамааралгүй гэж мэдэгдсэн байна.