Болзошгүй үер усны аюулаас сэрэмжлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баруун аймгуудын зарим газар, төв болон говийн аймгийн нутгийн баруун хэсгээр өнөөдөр дуу цахилгаантай бороо орох тул Онцгой байдлын байгууллагаас болзошгүй үер, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав.
Цаг уурын байгууллагын мэдээлснээр, маргааш баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай, усархаг бороо орох төлөвтэй байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж жижиг гол, хуурай сайр, уулын бэлээр уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулав. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад зөвлөж байна.
Цаг уурын байгууллагын мэдээлэлд үндэслэн Онцгой байдлын албанаас үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх дараах анхааруулгыг гаргажээ.
- Урин дулаан аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх,
- Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,
- Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
- Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,
- Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх,
- Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,
- Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалан он гарсаар 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар усны ослын тохиолдол 13 аймгийн 27 сум, нийслэлийн 5 дүүрэгт нийт 64 удаагийн усны осол гарч, 55 хүн амь насаа алдсан байна. Үүний 47 нь том хүн, 8 нь хүүхэд байгаа юм.