Н.Жанцанноров: Бидний зүтгэсэн хөгжмийн урлагийн үнэ цэнийг баталгаажууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр, наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нарыг өнөөдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн цогцолборт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор энгэрийг нь мялаасан. Шагнал гардсаны дараа тэдний сэтгэгдлийг сонссон юм.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохмиолч Б.Шарав, “Хөгжмийн урлагт хоёргүй сэтгэлээр 50 жил зүтгэсний үр шим надад өнөөдөр ирлээ. Гэхдээ энэ бол зөвхөн миний шагнал биш юм. Надтай хамтарч ажилладаг бүх уран бүтээлчийн шагнал. Мөн энэхүү шагнал бол Монголын урлагийн үзэл баримтлалыг шингээн хөдөлмөрлөсний буян гэж бодож байна. Миний уран бүтээлийг үргэлж үнэлж, дэмжиж байдаг ард түмэн, төр засагтаа талархаж байна. Цаашид хөгжмийн урлагийг өндөр хөгжүүлж явахыг мэргэжил нэгтнүүддээ захиж хэлье. Уран бүтээлч хүн шагнал хүлээж уран бүтээл туурвидаггүй. Энэ бол уран бүтээлд хамтран ажилладаг нөхдийн маань хөдөлмөрийн шагнал гэдгийг тодотгож хэлмээр байна” гэв.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, “Монголын тусгаар тогтнолыг баталгаажуулах үүрэгтэй баяр, цэнгэлийн наадмын өмнөхөн гарамгай хөгжмийн зохиолч Б.Шарав гуайтай хамт Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Бидний насан туршид зүтгэж ирсэн хөгжмийн урлагийн үнэ цэнийг Монголын төр баталгаажууллаа. Аливаа төрийн дээд шагнал нь тодорхой хувь хүний овог нэр гэхээс илүүтэй түүний бүтээлийн үнэ цэнийг гэрчилдэг. Тэр утгаараа өөрийн мэргэжил, авьяас чадвараа сорихыг уриалан дууддаг чухал зүйл юм. Бид ойрын хэдэн өдөр тусгаар тогтносон эх орныхоо өв соёл, урлагаар бахархан өнгөрөөнө. Ийм цаг үед Монголчууд бие биенээ сайн ухаарч, ойлгож, энэ сайхан орныхөө өв соёлыг үр ачдаа өвлүүлэн үлдээхийн төлөө зүтгэх ёстой. Монголын үндэсний соёл, урлагийн хөгжил дэвшлийн төлөө би чадах бүхнээрээ зүтгэх болно. Өчигдөр шагнал авна гэдгээ мэдээд хүүдээ хандан “татвар төлөгчдийн мөнгөөр 20 жил үнэгүй сургуульд сурсан өр маань дуусаагүй байгаа юм байна” гэж хошигнож билээ. Бид эх орондоо, төрдөө, өөртөө маш их өртэй хүмүүс. Тиймээс энэ шагналыг хүртээд зогсох хүртлээ хүн бүр зүтгэх ёстой. Сайхан наадаарай.
-Таны хамгийн их хайрладаг бүтээл аль вэ?
-Хэдэн хүүхэд төрүүлснээс хэнд нь илүү хайртай вэ гэдэгтэй ижил сонсогддог юм. Хийсэн бүтээлийг маань уран бүтээлч, дуучид хайрлаж л байвал тэр миний хайртай бүтээл.
-Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Миний бие хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны гэгээн дурсгалд зориулж “Ах минь та” хэмээх уран бүтээлээ туурвиж, өчигдөрхөн цахим ертөнцөд нийтэлсэн.
-Эх орны үнэ цэн гэж таны бодлоор юу вэ?
-Хүн хаана унаж, төлжсөн тэр газартай амиь холбодог. Тэр холбосон амийнхаа төлөө хүн зүтгэх ёстой. Тиймээс хүндээ ч эх орон нь үнэтэй, эх орондоо ч хүн нь үнэтэй байдаг юм.
-Та хэчнээн уран бүтээлээр ард түмнийхээ сонорыг мялаасан бэ?
-Уран бүтээлээ тоолж байгаагүй ч 600-700 орчим байгаа болов уу гэж бодож байна.