Хөдөөгийн хүүхдүүд нутагтаа суурь боловсрол эзэмшинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Сэнжитийн нэгдүгээр багт бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо.
Тус баг нь 450 гаруй хүн амтай, цэцэрлэг болон сургуулийн насны 100
гаруй хүүхэдтэй. Бүс нутгийн иргэдийн дунд хийсэн судалгаа, санал хүсэлт мөн
өмнөх жилүүдэд ажиллуулсан 24 цагийн цэцэрлэгт хүүхдүүдийн хамрагдсан байдал
зэргийг үндэслэн орон нутгийн хөгжлийн сангийн 216 сая төгрөгийн санхүүжилтээр тус
цогцолборыг барьсан байна.
Цэцэрлэг 30 хүүхэд, бага сургууль 30
хүүхэд, дотуур байрандаа 10 хүүхдийг тус тус хүлээж авах тус барилгыг орон нутгийн “Хүрэн Жинстийн Орой” ХХК барьж
гүйцэтгэсэн байна. Цогцолборт багш, ажилтан, уурын зуухны галч зэрэг 6-7 хүн
байнгын ажлын байртай болжээ.
Багийн төвд тулгуурласан төрийн үйлчилгээг шат шатандаа чанаржуулах, сайжруулах зорилгоор Баянхонгор аймагт сүүлийн гурван жилийн хугацаанд 24 цагийн гэр
цэцэрлэг ажиллуулж, багийн
төвийн барилгуудыг шинэчлэн, хүн амын хамгийн анхан шатны нэгжид хүрэх төрийн
ажил үйлчилгээг жигд хүртээмжтэй байлгахын тулд шинэ тоног төхөөрөмжөөр хангаж мөн
унаа тэрэгтэй болгож өгсөн байдаг. Энэ нь хотын төвлөрөл, утааг
бууруулах, хөдөөг эзэнтэй байлгаж, зөв хөгжүүлэх бодлогын ажил байсан гэдгийг
Засаг дарга Г.Батжаргал нээлтийн үеэр онцолж байлаа.
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хөдөөгийн сургууль, цэцэрлэгийн насны
хүүхдүүдийг гэртээ ганцаараа үлдэх, улмаар үүдэн гарч мэдэх эрсдэлээс
сэргийлэх, залуу гэр бүлүүдийн гэр
бүлийн харилцааны тогтвортой байдал, үр хүүхдээ хамтдаа өсгөх хүмүүжүүлэх боломж
нөхцөл ийнхүү Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Сэнжитийн нэгдүгээр багт
хангагдлаа. Цаашдаа бусад багийн төвүүддээ энэ ажлыг үе шаттайгаар хөгжүүлэхээр аймаг орон нутаг бодлого
төлөвлөгөөгөө гарган ажиллаж байна.






