Б.Одончимэг: Багш оюутны чадварт түшиглэсэн шилдэг эмнэлэг болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬАШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургууль дэргэдээ “Мандах наран” түшиц эмнэлэгтэй болоод удаагүй. Өмнө нь тус сургуулийн дэргэд 2005 оноос 2015 он хүртэл оюутны түшиц эмнэлэг ажиллаж байсан хэдий ч ийм өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж байгаагүй аж. Эмнэлгийн үйл ажиллагааны тухай тус эмнэлгийн эрхлэгч Б.Одончимэг ийн ярилаа.
Б.Одончимэг: Манай эмнэлэг нарийн мэргэжлийн бүх төрлийн үзлэг шинжилгээ хийж буй. Ирээдүйд аймгийн Нэгдсэн эмнэлгийн хэмжээний хоёрдугаар шатлалын эмнэлэг болон өргөжиж, шинэ залуу боловсон хүчинтэй, багш оюутны чадварлаг эмнэлэг болно гэдэгт найдаж байна.
Мөн дээрээс нь лабораторийн чиглэлээр, биохимийн болон шээсний, цусны шинжилгээ авахаас гадна цээжний зураг болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжтэй болно. 2016 он гарснаас хойш бид аймгийн Шүүхийн байгууллагатай гэрээ байгуулж урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгууллаа.
Эхний удаа үйл ажиллагаа нь жигдрэх хүртэл аливаа урсгал зардлыг сургуулиас даана. Цаашдаа өөрийн орлогоороо урсгал зардлаа шийдэх төлөвлөгөөтэй. Гурван давхартаа иргэдийг хэвтүүлэн эмчлэх бөгөөд яг одоогоор эрхээ аваад хүн эмчилж эхлээгүй байна. Бид төслөө эхний байдлаар танилцуулж дэмжлэг авсан.
Гэхдээ эхний шатанд үүдэн эмнэлгээрээ иргэдийг хүлээн авч үйлчилгээ явуулж хүн ардад нэлээд танигдаж, үйлчлүүлэгчийн тоо хангалттай болсон тохиолдолд ахисан түвшинд үйл ажиллагаагаа явуулах төлөвлөгөөтэй гэв.
Х.Эрдэнэбулган