Тайванийн урлагийн үзэсгэлэнд Монгол зураачийн бүтээл дэд байрт шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улсын зураач Ж.Мөнхжаргалын “Сар дэлхийг зүүдэлж хоносон шөнө” бүтээл “24 дэх удаагийн Тайжун хотын Да дун урлагийн үзэсгэлэн”-д дэд байрт орж, Монгол Улсын бүтээл анх удаа шагналт байрт шалгарлаа.
Зохион байгуулагч талын зүгээс өгч буй шагналын хэмжээ 2600 ам.доллар бөгөөд, түүнийг Тайваньд хүрэлцэн очиж шагналаа гардан
авахыг албан ёсоор урив.
Зураач Ж.Мөнхжаргал Монгол Улсын СУИС төгссөн, бүтээл нь гол
төлөв домог, түүх, шашин, байгаль орчноор дамжуулж хүн, байгалийн харилцан
шүтэлцээг илэрхийлэхэд чиглэдэг. Зураач өмнө нь олон улсын үзэсгэлэнд уригдаж
орж байсан туршлагатай, энэ удаа түүнийг Монголын Урлагийн зөвлөлөөс санал
болгож оролцуулсан байна.
“Да дун урлагийн үзэсгэлэн”-гийн шүүгчдийн зөвлөлөөс
Ж.Мөнхжаргалын усан будгийн зургын арга техник гайхалтай өндөр хөгжсөн,
агуулгын хувьд нэн онцгой, уламжлалт зураг, шашны бэлгэдэл зэргийг уран төгс
илэрхийлж чадсан гэж дүгнэжээ.
Тайваниас Монголд суугаа дэд төлөөлөгч Жой Янь хэлсэн
үгэндээ, “Монгол Улсын асар баялаг соёлын өв дурсгал, уламжлалт нүүдлийн соёл
иргэншил болон зан заншил нь Монголчуудын бүтээлийг нэн өвөрмөцөөр илтгэх суурь
болдог гэлтэй, энэ жил Монгол улсаас хоёр дахь жилдээ оролцож байгаа хэдий ч
эхний гурван байрын нэгийг эзэлнэ гэдэг үнэхээр бахархалтай явдал юм.
Төлөөлөгчийн газар Монголын уран бүтээлч анд нөхөддөө тэмцээнд амжилттай
оролцон Тайванийн төдийгүй дэлхийн олон орны хүмүүст Монгол уран бүтээлчийн
чанар чансаа, өнгө төрхийг батлан харуулсанд талархал илэрхийлье” гэв.
Тус үзэсгэлэнг 1996 оноос эхэлж зохион байгуулсан бөгөөд эхэндээ
орон нутгийн шинжтэй байсан бол өдгөө олон улсын чанартай үзэсгэлэн болж
өргөжсөн байна. Тэмцээний төрөл жанрын хувьд ч олон талтай болж, үүнд дижитал
уран бүтээл ч багтсан байна. Ойрын жилүүдэд, жилд 30 гаруй орны хэдэн зуун
бүтээл өрсөлдөж байна. Үзэсгэлэнгийн шагналын сан 120.000 ам.доллар бөгөөд
Тайванийн урлагийн үзэсгэлэн дундаа хамгийн өргөн хүрээг хамарсан, өндөр
шагналтайд тооцогддог.