Ардын засгийн анхны баяр наадмыг Алтанбулаг суманд хийж байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Алтанбулагт Ардын засгийн анхны баяр наадмыг хийхдээ “Заргачийн овоо” буюу “Солдат
толгой”-г тахин, 64 бөх барилдаж,
засгийн газрын дипломат хэмээх Дамдин түрүүлж, Сайд ханын Цагаан нуурын н.Бат-Очир
начин үзүүрлэж байжээ. Сэлэнгэ аймгийн 7
гайхамшгийн нэгэнд Ардын хувьсгалын өлгий
Алтанбулаг сум зүй ёсоор ордог юм. Тус сум нь Монгол Улсын 300 гаруй сумаас
хамгийн өндөр настай бөгөөд удахгүй энэ сарын 17-19-ний өдөр түүхт 290
жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.
1921 оны гуравдугаар сарын 18-ны үүрээр Ардын журамт цэрэг Алтанбулаг хотыг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн нь Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэн гавьяа болж үлджээ. Тус суманд хувьсгалын музей, манай улсын анхны бага сургууль, анхны банкны болон шүүхийн байшин, Дөрвөлжин сүм, Ардын журамт цэргийн анхны байшин зэрэг түүх, дурсгалын газрууд байдгаараа онцлогтой. Мөн тус сумын нутаг дэвсгэрт “Төгсгөө” булаг хэмээх үзэсгэлэнт нуур бий. Сүхбаатар хотоос Алтанбулаг сум орох замын өмнө талд сумын төвөөс 5-6 км зайд “Сэлэмт” хөшөө байдаг. Хөшөө босгосон өндөрлөгийг Мааньт чулууны хөтөл хэмээн дээр үед нэрлэж байсан ба түүний баруун урд талд элсэн довцогоос эх авсан булгийг Төгсгөө булаг хэмээдэг юм. Эл булгийн зүүн гар талаар үргэлжилсэн төгөл бургасыг “Улаанбургас”, элсэн доторх бөөн нарсыг “Зуун цэргийн дугны нарс” гэдэг.
1910 оны сүүлчээр нутгийн монголчуудыг Хятадын түрэмгийлэгч гамин цэргүүд дээрэмдэн тонож, орон гэр, мал хөрөнгийг нь булаан авч энэ нутгийг цэргийн хуаран болгож байсан гэдэг. Улаанбургасны ойр газарт 600 орчим цэрэгтэй гамингийн I, II-р морин хороо байжээ. 1921 оны 3-р сарын 18-ны үдээс хойш ардын журамт цэргийн II, IV-р хороо ба гамингийн цэргийн хооронд болсон ширүүн тулалдаанд журамт цэргүүд ялж, Хиагтын баруун урд тал руу давшилтаа үргэлжлүүлсэн гэдэг. Энэ тулаанд ардын журамт цэргийн Б.Самбуу, З.Балдан, н.Гончиг нарын цэрэг дайчид баатарлагаар тулалдаж амь үрэгджээ.
Мөн Алтанбулаг
сумын өмнө талд Сүхбаатар хотоос ирэх замын баруун талд орших толгойг
“Заргачийн овоо”, “Солдат толгой” гэж нэрлэдэг. 1921 оны 6-р сарын 5-нд
Алтанбулагийг эзлэхээр довтлон ирсэн Баяргүний цэрэгтэй эсэргүүцэн тулалдахад
энэ овоон дээр байрласан ардын журамт цэргийн пулемёнт галлаж овооны талаас Монгол, Зөвлөлтийн морин цэрэг дайсны эсрэг давшилтад орж байжээ. 1921
оны 6-р сарын 30-нд ардын журамт цэрэг Алтанбулагаас Зөвлөлтийн улаан цэргийн
туслан хамгаалах ангийн хамт Нийслэл хүрээг чөлөөлөх аян дайнд мордож, 7-р
сарын эхээр Нийслэл хүрээг чөлөөлжээ.