“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын хэлэлцүүлгүүд эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-06-28 13:49:10

ТОКИО. /NHK/. Японы Осака хотноо зохион байгуулж буй “Их 20”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын хэлэлцүүлгүүд эхэлжээ. АНУ, БНХАУ-ын худалдааны дайн үргэлжилж, Вашингтон, Техраны маргаан хурцадсан үед энэхүү уулзалт болж байна.


“Их 20”-ийн удирдагчид дэлхийн эдийн засаг, худалдааны асуудлаар хэлэлцүүлгийг эхлүүлжээ. Хуралдааны эхэнд Японы Ерөнхий сайд Абэ Шинзо хэлэхдээ, чөлөөтэй, нээлттэй эдийн засаг нь энх тайван, хөгжил цэцэглэлтийн үндэс суурь юм гэжээ.


Тэд дэлхийн эдийн засагт тулгарч буй эрсдлүүд, ялангуяа АНУ, БНХАУ-ын худалдааны маргааныг хэрхэн зохицуулах талаар хэлэлцэнэ. Үүний зэрэгцээ худалдааны чөлөөт, шударга системийг хөгжүүлэх, Дэлхийн худалдааны байгууллагыг шинэчлэх асуудлыг мөн хэлэлцэх төлөвтэй байна.


А.Шинзо баасан гарагийн өглөө угтан авах арга хэмжээ зохион байгуулснаар дээд хэмжээний уулзалт албан ёсоор эхэлжээ. Энэхүү уулзалтын зорилго нь дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцож, нэгдсэн тохиролцоонд хүрэх юм.


Гэсэн хэдий ч энэ удаагийн хэлэлцүүлгүүдээр худалдааны асуудлыг голчлон хэлэлцэх төлөвтэй байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр болох арга хэмжээнүүдээс Дональд Трамп, Си Жиньпин нарын бямба гарагт болох уулзалт олны анхаарлыг хамгийн их татаж байна.


АНУ болон Ираны хурцадмал байдал ч мөн маргаантай сэдвүүдийн нэг бөгөөд энэ сарын эхээр Ойрхи Дорнодын нефтийн тээврийн гол чиглэлийн ойролцоо хоёр хөлөг онгоцонд халдсан хэрэг гарсан нь нөхцөл байдлыг улам даамжруулсан юм. Уг халдлагад АНУ Ираныг буруутгаж байгаа бол Иран уг мэдээллийг үгүйсгэсэн билээ. 

相关新闻